Аймгийн Засаг даргын 2017 оны А/347 тоот захирамж

 

ХОВД АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны 08 сарын 11-ний өдөр, дугаар А/347, Ховд


АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү аргачлалаар хөгжлийн бодлогын баримт бичиг /цаашид “бодлогын баримт бичиг” гэх/, Монгол улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр /цаашид “хууль тогтоомж, тогтоол шийдвэр” гэх/-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага /цаашид “захиргааны байгууллага” гэх/, төсвийн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь сумын Засаг даргын Тамгын газар, баг, төсвийн болон захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны явц, үр дүнд дүгнэлт хийж, зорилтын хэрэгжилт, үр дүнг шинжлэн дүгнэх, дараагийн зорилтыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, санал дүгнэлт, зөвлөмжөөр хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм.

1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үндсэн зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангахад оршино.

1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дээрх үндсэн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж байна.

1.4.1. Төрийн захиргааны бүх шатны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлж, хяналт-шинжилгээ, үнэлгээний стратеги, бодлогыг тодорхойлон, хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдлага, арга зүйгээр хангах;

1.4.2. Орон нутаг дахь төрийн захиргааны байгууллагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах;


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ

2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зарчим

2.1.1. Шударга, хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус байх;

2.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт ил тод байх;

2.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь тоо баримт, судалгаа, мэдээлэлд үндэслэсэн, тухайн бодлого, хөтөлбөр, төслийн үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлсон, хэмжигдэхүйц, нотлогдохуйц байх;

2.1.4. Хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;

2.1.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч талууд болон олон нийтийн оролцоог хангасан байх;

2.1.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх;


2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана.

2.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

2.2.1.1. Монгол Улсын хууль;

2.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;

2.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;

2.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;

2.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;

2.2.1.6. Засгийн газрын тогтоол;

2.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;

2.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;

2.2.1.9. Засгийн газрын албан даалгавар;

2.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

2.2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030;

2.2.2.2. Төрөөс баримтлах бодлого;

2.2.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

2.2.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;

2.2.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;

2.2.2.6. Үндэсний хөтөлбөр;

2.2.2.7. Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

2.2.2.8. Аймаг, сум хөгжүүлэх хэтийн зорилт;

2.2.2.9. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

2.2.2.10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

2.2.2.11. Дэд хөтөлбөр;

2.2.2.12. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөр;

2.2.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд: 

2.2.3.1. Энэхүү аргачлалын 2.2.1, 2.2.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

2.2.3.2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

2.2.3.3. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт;

2.2.3.4. Ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

2.2.3.5. Шилэн дансны хөтлөлт;

2.2.3.6. Шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

2.2.3.7. Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;

2.2.3.8. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

2.2.3.9. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан;


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, 
ТАВИГДАХ ШААРДЛАГА, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдлага, зохион байгуулалт, тавигдах шаардлага

3.1.1. Захиргааны байгууллага нь хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт, төрөл, арга зүйг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6 дугаар зүйлийг баримтална.

3.1.2. Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх хариуцсан ажилтантай байна.

3.1.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ажлыг төрийн захиргааны байгууллагад дарга, тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд сум, багийн Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжид дарга /захирал, эрхлэгч/ нар хариуцна.

3.1.4. Захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгж /ажилтан/ бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэн харьяа хэлтэст ирүүлэх бөгөөд төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг аргачлалын 2 дугаар хавсралтад заасан  хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.

3.1.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний эцсийн дүнг гаргахдаа бодит үр дүн, төлөвлөсөн зорилтын өсөлт бууралт, тасалдлын шалтгааныг нарийвчлан тооцно.

3.1.6. Аймгийн Засаг даргын Тамгын газар сум, баг, байгууллага, агентлагуудын жилийн ажлыг дүгнэхдээ хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг ажил дүгнэх гол үзүүлэлт болгоно.                                         

3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний  арга зүй

3.2.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 7, 8, 9 дүгээр зүйлийг баримтална.

3.2.2. Бодлогын баримт бичгийн зорилт арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

3.2.2.1. "үр дүнтэй" - зорилт арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь /90-100 хүртэл хувь/

3.2.2.2. ”тодорхой үр дүнд хүрсэн” - зорилт арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь /60-89 хүртэл хувь/

3.2.2.3. ”эрчимжүүлэх шаардлагатай” - зорилт арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь /31-59 хувь/

3.2.2.4. ”үр дүнгүй” - зорилго, зорилтот арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй,  төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь /0-30 хүртэл хувь/

3.2.2.5. ”үнэлэх боломжгүй” - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол

3.2.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

3.2.3.1. "бүрэн хэрэгжсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь /90-100 хүртэл хувь/

3.2.3.2. ”хэрэгжих шатанд” - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь /50-89 хүртэл хувь/

3.2.3.3. ”хэрэгжилт хангалтгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь /10-49 хүртэл хувь/

3.2.3.4. ”хэрэгжээгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь /0-9 хүртэл хувь/

3.2.3.5. ”хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”

3.2.4. Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, байгууллагын дарга, эрхлэгчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ “хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлал”-ыг баримтална.

3.2.5. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ. Үүнийг:

B - бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн ерөнхий дүн

X - арга хэмжээ, зүйл заалтын хүрсэн түвшин

Z - арга хэмжээ, зүйл заалтын зорилтот түвшин

n - арга хэмжээ, зүйл заалтын тоо

i - үзүүлэлтийн дугаар

B = 1/n  × 100%    томъёогоор тодорхойлно.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

4.1. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, аргачлалын хавсралтад дурдсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгнө.

4.1.1. Сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, аргачлалын 3 дугаар хавсралтад заасны дагуу үнэлгээ өгнө.

4.1.2. Сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэнд, багуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, аргачлалын 4, 4”а” дугаар хавсралтад заасны дагуу үнэлгээ өгнө.

4.1.3. Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний албан байгууллага, агентлагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, аргачлалын 5 дугаар хавсралтад заасны дагуу үнэлгээ өгнө.

4.1.4. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлтийн тайланг бичихдээ аргачлалын 6-11 дүгээр хавсралтад заасны дагуу гаргана.


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

5.1. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

5.1.1. Сум, баг, байгууллагын тэргүүний арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа дутагдлыг засах;

5.1.2. Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

5.1.3. Сум, байгууллагын даргад үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;

5.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 3 сумыг Засаг даргын “Өргөмжлөл” тус бүр 5,0 хүртэл сая төгрөгөөр, 3 байгууллагыг тус бүр 3,0 хүртэл сая төгрөгөөр, 3 багийг тус бүр 1,5 хүртэл сая төгрөгөөр тус тус шагнаж, урамшуулна.

Шалгарсан сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтэн, баг, байгууллагын дарга, мэргэжилтэн /ажилтан/-г сарын үндсэн цалингийн 50-100 хувиар урамшуулна.

Урамшууллын мөнгийг тухайн сум, байгууллагын төсвөөс гаргана.

5.3. Тэргүүний сум, баг, байгууллагуудын шагналд зарцуулах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана.

5.4. Аймгийн Засаг даргын Тамгын газар хяналт-шинжилгээ, үнэлгээг газар дээр нь хийх, эрдэмтэн судлаачдыг үнэлгээ хийхэд татан оролцуулах, хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном товхимол, гарын авлага хэвлүүлэх зэрэг зардлыг байгууллагын төсөвт жил бүр тусган батлуулна.

5.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.


ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭДЭЭЛИЙН ЦАХИМ САН,
ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ БҮРДҮҮЛЭХ, НЭГТГЭХ

6.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан

6.1.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн болон тухайн асуудал хариуцсан холбогдох ажилтан нь Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан илгээх, мэдээллийн урсгалыг ашиглахдаа Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санг ашиглана.                                  

6.1.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн болон тухайн асуудал хариуцсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн  ажилтан нь цахим санд нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч тайланг нэгтгэх, мөн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг аргачлалын 2 дугаар хавсралтад заасан хугацаанд оруулна.

6.1.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ, тайланг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дагуу цахим санд оруулан баталгаажуулж, холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

6.1.4. Холбогдох байгууллагаас өгсөн үнэлгээтэй тухай бүр танилцаж, өгсөн удирдамж, зааврыг мөрдөн ажиллана.

6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан мэдээлэл бүрдүүлэх, нэгтгэх

6.2.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт зэрэг дээрх эрх зүйн актуудын биелэлтийг сумын төсөвт албан байгууллагууд  аймагт үйл ажиллагаа явуулдаг дээд шатны байгууллагууддаа жил бүр хагас бүтэн жилээр гаргаж хүргүүлнэ. Дээд шатны байгууллагууд нь сумдаас ирсэн эрх зүйн актуудын биелэлтийг нэгтгэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын  харьяа хэлтэст жил бүр хагас бүтэн жилээр гаргаж хүргүүлнэ.

6.2.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд харьяа байгууллагуудаасаа холбогдох эрх зүйн актуудын биелэлтийг гаргуулж нэгтгэн Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу үнэлгээг бодитой өгсөн эсэхийг нягталж, тухайн онд гарсан үр дүнг тодорхой бичиж, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст жил бүр хагас, бүтэн жилээр заасан хугацаанд ирүүлнэ.

6.2.3. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь бусад хэлтсүүдээс ирсэн эрх зүйн актуудын биелэлтийг нэгтгэн Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санг ашиглан www.unelgee.gov.mn сайтад жил бүр хагас, бүтэн жилээр заасан хугацаанд шивнэ.

6.2.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь уг эрх зүйн актуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн хамт Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын журмын 2 дугаар хавсралтад заасан хугацаанд Засгийн газрын Хэрэг Эрхлэх газар, холбогдох яамдад хүргүүлнэ.

6.2.5. Сумдын Засаг даргын Тамгын газар жилийн ажлын тайлангаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст, агентлагууд харьяа хэлтсүүдэд жил бүр аргачлалын 2 дугаар хавсралтад заасан хугацаанд ирүүлнэ. Хэлтэс, тасгууд тайланг  нэгтгэн Төрийн захиргааны  удирдлагын хэлтэст ирүүлнэ.

6.2.6. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгдсэн тайланг бичиж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэхээр Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст жил бүр аргачлалын 2 дугаар хавсралтад заасан хугацаанд  ирүүлнэ.


ДОЛОО. ХАРИУЦЛАГА

7.1. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай  болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

7.1.1. Энэхүү аргачлалын  2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

7.1.2. Өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг биелүүлээгүй;

7.1.3. Энэхүү аргачлалын 6.2, аргачлалын 2 дугаар хавсралтад заасан хугацаанд болон тайлан мэдээ ирүүлэх тухай албан бичгээр хүргүүлсэн тогтоосон хугацаанд  тайлан мэдээгээ ирүүлээгүй;

7.1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн тайланг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй.

7.2. Дээрх зөрчил, дутагдал гаргасан хэлтэс, сум, байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцуулах саналыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс холбогдох дээд шатны байгууллагад оруулна.

 

---оОо---