Сайдын 2017 оны А/122 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН
САЙДЫН ТУШААЛ

2017 оны 06 сарын 23-ны өдөр, дугаар А/122, Улаанбаатар хот


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь: 

1. "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийн явцыг яамны удирдлагын зөвлөлийн хуралдаанд жил бүрийн эхний улиралд багтаан хэлэлцүүлж байхыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Одхүү/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Хяналт-шинжилгээ, үнэлгээний журам батлах тухай" Уул уурхайн сайдын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

САЙД                                               Ц.ДАШДОРЖ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын албан даалгавар /цаашид "Хууль тогтоомж, тогтоол шийдвэр" гэх/, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний хөтөлбөр, Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дэд хөтөлбөр, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр /цаашид "Бодлогын баримт бичиг" гэх/-ийн хэрэгжилт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, /цаашид "захиргааны байгууллага" гэх/, сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үйл ажиллагааг зохицуулна.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь салбарт баримтлах төрийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилт, захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хариуцлагыг сайжруулахад оршино.

1.3. Энэхүү журам нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хамаарна.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ,
ХАМРАХ ХҮРЭЭ

2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална:

2.1.1. шударга, хараат бус;

2.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод;

2.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн;

2.1.4. тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц;

2.1.5. хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;

2.1.6. хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;

2.1.7. тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байна.

2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана.

2.3. Бодлогын баримт бичигт Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дэд хөтөлбөр, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр хамаарна.

2.4. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын албан даалгавар хамаарна.

2.5. Яамны үйл ажиллагаанд энэхүү журмын 2.3, 2.4-т заасан бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт, байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны хөтлөлт, байгууллагын шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа /АТГ-аас гаргана/, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хэрэглэгчийн үнэлгээний тайлан /хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ/, аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хамаарна.

2.6. Яамны харьяа агентлаг /Ашигт малтмал, газрын тосны газар/-ийн дарга, Төсвийн шууд захирагчийн Үр дүнгийн гэрээний биелэлтэд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан, "Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын дагуу хагас жил, жилийн эцсээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1. Яам нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг салбарын хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.

3.2. Энэхүү журмын 3.1-д заасан үүргийгтөрийн захиргааны байгууллагад дарга, төрийн өмчит хуулийн этгээдэд захирал тус тус хариуцна.

3.3. Төрийн өмчит хуулийн этгээд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд хэрэгжилтэд нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хяналт тавьж тайлагнана.

3.4. Яамны Төрийн захиргааны удирдлагын газар нь яам, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааны тайлан /Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлт/, яамны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн хэрэгжилт, ил тод байдлын үзүүлэлтийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах талаар хэрэгжүүлсэн ажлын биелэлт, аймаг, нийслэлийн засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт, иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгүүдийн ажлын гүйцэтгэлийг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

3.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг холбогдох байгууллага, нэгжүүдээс гаргуулан авч хяналт-шигжилгээ, үнэлгээ хийнэ.

3.6. Яамны дотоод нэгжүүд сар бүр ажлын төлөвлөгөөг тухайн сарын 5-ны өдрийн дотор баталж өмнөх сарын төлөвлөгөөний биелэлтийн хамт энэхүү журмын 2 дугаар хавсралтын дагуу гаргаж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлж байна.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН
ГАЗРЫН ЭРХ, ҮҮРЭГ

4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь дараах эрхтэй байна:

4.1.1. байгууллагын дотоод нэгж, харъяа байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;

4.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;

4.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;

4.1.4. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.

4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах үүрэгтэй байна:

4.2.1. хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;

4.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;

4.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;

4.2.4. мэргэжил, мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэн хөгжүүлэх.

4.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь "Шилэн дасны тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт заасны дагуу шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.


ТАВ. ТАЙЛАН, БИЕЛЭЛТ ГАРГАХ БАЙГУУЛЛАГА, НЭГЖ,
АЛБАН ХААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5.1. Сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит хуулийн этгээд нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 1 дүгээр хавсралтад заасан хугацааны дотор яаманд, яамны дотоод нэгжүүд энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус ирүүлнэ.

5.2. Журмын 3.4-т заасан яамны үйл ажиллагаанд хамаарах зорилтын биелэлтийг мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлнэ.

5.3. Яам, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит хуулийн этгээд нь "Шилэн дансны тухай" хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг байгууллагын шилэн дансны цэсэнд тогтмол байршуулж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар мэдээлэлд хяналт тавьж ажиллана.

5.4. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, албан тушаалтан бүрэн хариуцна.

5.5. Яам, хэрэгжүүлэгч агентлагийн Төрийн захиргааны удардлагын газар /хэлтэс/, бодлогын газар, мэргэжлийн хэлтэс, албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.


ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ

6.1. Яам нь жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг батална. Уг төлөвлөгөө нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө байж болно. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана.

6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцад хөндлөнгийн үнэлгээ хийх, мөн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусгаж, батлуулсан байна.


ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

7.1. Яам нь бодлогын баримт бичигт тодорхойлсон төлөвлөгөөний дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Бодлогын баримт бичигт үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.

7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлнэ.

7.3. Шаардлагатай тохиолдолд яам нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, хэрэгжилтийг хэлэлцэн холбогдох арга хэмжээг авна.

7.4. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

7.4.1. "үр дүнтэй" - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

7.4.2. "тодорхой үр дүнд хүрсэн" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);

7.4.3. "эрчимжүүлэх шаардлагатай" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);

7.4.4. "үр дүнгүй" - зорилго, зорилт, аргахэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);

7.4.5. "үнэлэх боломжгүй" - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

7.5. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

7.5.1. "бүрэн хэрэгжсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

7.5.2. "хэрэгжих шатанд" - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);

7.5.3. "хэрэгжилт хангалтгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);

7.5.4. "хэрэгжээгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);

7.5.5. "хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй".

7.6. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ.

7.7. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.

7.8. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурыпилтай ажиллуулах зорилтын биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална. 


НАЙМ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХУГАЦАА

8.1. Яам нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан, "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 2-6 дугаар хавсралтын дагуу гаргаж, мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

8.1.1. Хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит хуулийн этгээд нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг дээрх журмын тохирох хавсралтын дагуу гаргаж яаманд ирүүлнэ.

8.2. "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030"-ын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг тухайн оны 9 дүгээр сарын 1-ний дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.3. Салбарт төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг тухайн оны 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

8.4. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хагас жил, жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийн хамт тайланг 2 дугаар сарын 1, 7 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

8.4.1. Хэрэгжүүлэгч агентлаг төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг 1 дүгээр сарын 20, 6 дугаар сарын 20-ны дотор, төрийн өмчит хуулийн этгээд 1 дүгээр сарын 10, 6 дугаар сарын 15-ны дотор яаманд тус тус ирүүлнэ.

8.5. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээг хийнэ. Яам нь Үндэсний хөтөлбөрт сайдын эрхлэх асуудлаар тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

8.5.1. Хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит хуулийн этгээд нь үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтын биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг 1 дүгээр сарын 10-ны дотор яаманд ирүүлнэ.

8.6. Яам нь бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гүйцэтгэлд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг 10 дугаар сарын 1, 2 дугаар сарын 1-ний дотор үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.

8.7. Яам нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хагас жил, жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үнэлгээний дүн, удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийн хамт тайланг 1 дүгээр сарын 15, 7 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлнэ.

8.7.1. Хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит хуулийн этгээд нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг 1 дүгээр сарын 5, 6 дугаар сарын 1-ний дотор яаманд тус тус ирүүлнэ.

8.8. Яам нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг 3 дугаар сарын 1-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.8.1. Хэрэгжүүлэгч агентлаг нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргаж тайланг 2 дугаар сарын 1-ний дотор яаманд ирүүлнэ.

8.9. Яам нь Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хагас жил, жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг 1 дүгээр сарын 20, 6 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.11. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг яамны удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэрийг гаргуулан тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлж ажиллана.


ЕС. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

9.1. Яам нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Тайлан нь:

9.1.1. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө /төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээ/-ний биелэлт;

9.1.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

9.1.3. байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;

9.1.4. шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ /Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана/;

9.1.5. байгууллагын шударга байдлын үнэлгээ /АТГ гаргана/;

9.1.6. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;

9.1.7. хэрэглэгчийн үнэлгээ /хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ/-ний тайлан гэсэн хавсралттай байна.

9.2. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг байгууллагын үйл ажиллагааны жилийн тайлангийн хамт дахин хүргүүлэхгүй.

9.3. Хэрэглэгчийн үнэлгээг хийх хөндлөнгийн байгууллагыг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзан сонгон шалгаруулна. Хөндлөнгийн байгууллагыг сонгох үйл ажиллагааг яам зохион байгуулна.

9.4. Авлигатай тэмцэх газраас гаргасан шударга байдлын түвшингийн үнэлгээ нь захиргааны байгууллагын үнэлгээний нэг үзүүлэлт болно.

9.5. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 4 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлнэ. Уг үнэлгээ нь захиргааны байгууллагын жилийн үйл ажиллагааны үнэлгээний нэг үзүүлэлт болно.

9.6. Яам нь Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт, Ил тод байдлын үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 10, 11 дүгээр хавсралтын дагуу тус тус гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 4 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлнэ.

9.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь төсвийн шууд захирагч нар, яамны дотоод нэгжийн менежерүүдийн үр дүнгийн гэрээний биелэлтэд хагас жил, жилийн эцсээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

9.8. Яам, хэрэгжүүлэгч агентлагийн төрийн захиргааны удирдлагын газар /хэлтэс/ төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жил, жилийн эцсийн байдлаар нэгтгэн гаргаж баталгаажуулан 6 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хэвлэмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ.

9.9. Яамны дотоод нэгжийн менежерүүд үр дүнгийн гэрээний биелэлтийг улирал бүр гаргаж баталгаажуулан тухайн улирлын сүүлийн сарын 25-ны дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хэвлэмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ.

9.10. Иргэдээс яам, агентлагт хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд улирал бүр хяналт-шинжилгээ хийж тайланг дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ тайланг Төрийн захиргааны удирдлагын газар /хэлтэс/ нэгтгэн гаргаж дараа улирлын эхний сарын 5-ны өдрийн дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хэвлэмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ.

9.11. Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн ажлын явц, үр дүнд улирал бүр хяналт шинжилгээ хийж тайланг дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор сайд, удирдлагад танилцуулна. Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн мэдээ тайланг яам, агентлагийн Төрийн захиргааны удирдлагын газар / хэлтэс / нэгтгэн гаргаж дараа улирлын эхний сарын 5-ны өдрийн дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хэвлэмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ.

9.12. Сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт, яамны ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын газар нэгтгэн гаргаж 3 дугаар сарын 10-ны дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлнэ.

9.13. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь яамны тухайн жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний жилийн эцсийн тайланг нэгтгэн яамны удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэрийг гаргуулан 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж ажиллана.

9.14. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг гаргахдаа тухайн зорилтын хүрээнд яамны зүгээс авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээний талаар холбогдон гарсан тогтоол, тушаал, шийдвэрийн огноо дугаар, ажлын явц, хүрсэн үр дүнг товч тодорхой дурдах, утга найруулгын алдаагүй, бүрэн хэрэгжсэн тогтоол шийдвэрийг хяналтаас хасуулах тайлбар үндэслэлийг ирүүлнэ.

9.15. Байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт гаргахдаа тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил үйлчилгээний шалгуур үзүүлэлт /тоо хэмжээ, хугацаа, чанар/-тэй нь уялдуулан бичмэл /текст/ хэлбэрээс гадна зураг, дүрс, график ашиглан тайлагнана.


АРАВ. МЭДЭЭЛЛИЙН САН

10.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, тайлан илгээх, хүлээн авах, мэдээллийн урсгалыг удирдах, хянах, хадгалах, ашиглах, түгээхэд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (www.unelgee.gov.mn)-г ашиглана.

10.2. Хэрэгжилтийн тайланг цахим санд оруулахдаа тухайн зорилт, арга хэмжээ, заалтын хүрсэн үр дүнг хоёр мянган тэмдэгтэд багтаах бөгөөд шаардлагатай бол нотлох баримтыг файлаар хавсаргаж болно.

10.3. Цахим санд мэдээлэл оруулж байгаа байгууллага, албан хаагч мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна.

10.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн цахим санд нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтанд авч, хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд оруулна.

10.5. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ, тайланг тухай бүр удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, цахим санд оруулан баталгаажуулж, холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

10.6. Яам, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит хуулийн этгээд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох байгууллагаас өгсөн үнэлгээтэй тухай бүр танилцаж, өгсөн удирдамж, зааврыг мөрдөж ажиллана.


АРВАН НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

11.1. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, сургалт зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргаж ажиллана.

11.2. Яам нь хяналт-шинжилгээ, үнэлгээг газар дээр нь хийх, үнэлгээ хийхэд эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулах, хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээг хийлгэх, сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном, товхимол, гарын авлага хэвлүүлэх зэрэг зардлыг төсөвт жил бүр тусган батлуулна.

11.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна. 


АРВАН ХОЁР. ХАРИУЦЛАГА

12.1. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:

12.1.1. Энэхүү журмын 5 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

12.1.2. Биелэлтийг тайлагнахдаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх боломжтой байх буюу агуулга, хэлбэрийн шаардлага хангаагүй;

12.1.3. Биелэлтийг тайлагнахдаа тухайн байгууллагын дарга, захирлын гарын үсэг зурж баталгаажуулаагүй;

12.1.4. Энэхүү журмын 5.1 дэх хэсэгт заасны дагуу биелэлтийг тогтоосон хугацааны дотор ирүүлээгүй;

12.1.5. Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;

12.1.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн захирлын хурлаар хэлэлцүүлээгүй;

 

---o0o---