Аймгийн Засаг даргын 2018 оны А/264 тоот захирамж

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны ... сарын ... өдөр, дугаар А/264, Сүмбэр сум


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолын 2 дахь заалт, аймгийн Засаг даргын Зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Харъяа агентлаг, сумдын үйл ажиллагаанд журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /Х.Буянбаяр/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2014 оны “Журам батлах тухай” А/175 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                          Г.БАТСУУРЬ

Баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам


НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО

1.1 Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангах, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнг үнэлэх, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах, төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлж хэрэгжилт, хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛТ

2.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хүлээж буй үр дүнд хүрч хэрэгжиж байгаа эсэхийг тогтоох

2.2. Сум, агентлагийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх

2.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь зохих түвшинд хүрч хэрэгжээгүй буюу гажуудал гарсан тохиолдолд засаж залруулах, арга хэмжээг тодорхойлох, зөв чиглэлд нь оруулах

2.4. Шийдвэр гаргах үйл ажиллагааг бодит байдал, нотолгоо баримтад тулгуурласан байхад чиглүүлэх болон бодлогын хувилбар, санал, дүгнэлт, зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.


ГУРАВ. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

3.1. “хяналт-шинжилгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх тасралтгүй үйл ажиллагааг;

3.2. “үнэлгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа, баримт бичгийн зорилго, зорилтын хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг;

3.3. “үр дүнд суурилсан явцын үнэлгээ” гэж хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүрээгүй бол шалтгаан нөхцлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

3.4. “үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ” гэж баримт бичиг хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эсхүл зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

3.5. “хөндлөнгийн үнэлгээ” гэж баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, судлаач, үнэлээчдийн хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг;

3.6. “хэрэглэгчийн үнэлгээ” гэж  захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн дүнг;

3.7. “шалгуур үзүүлэлт” гэж баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;

3.8. “суурь үзүүлэлт” гэж үйл ажиллагаа болон  баримт бичиг, хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг; 

3.9. “зорилтот түвшин” гэж тухайн баримт бичгийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг; 

3.10. “Мэдээ тайлан” гэж тухайн байгууллагын сар, улирал, хагас жил, бүтэн жилээр ирүүлж буй бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны тайлан, бусад мэдээ, цаг үеийн шуурхай мэдээллүүдийг; 

3.11. “Үнэлгээний ажлын хэсэг” гэж аймгийн ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр батлагдсан сум, агентлагийн тухайн жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг нэгтгэн дүгнэж, Засаг даргын зөвлөлд тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг; 


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ

4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд хамрагдана.

4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хийгдэнэ.

4.3 Байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн дагуу байгууллагын удирдлага, хүний нөөцийн хөгжил, санхүүгийн болон мэдээллийн системд үнэлгээ хийнэ.


ТАВ. НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭ ХИЙХ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

5.1. Нутгийн захиргааны байгууллагын үнэлгээ хийх журмыг аймгийн Засаг даргын захирамжаар батална.

5.2. Үнэлгээний ажлын хэсэг нь Засаг даргаар ажлын хүрээ, хугацааг тогтоосон удирдамж батлуулан ажиллана.

5.3. Үнэлгээний ажлын хэсэг нь нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг хагас жилээр, дүгнэх хяналт-шинжилгээ, үнэлгээг жилийн эцэст хийнэ.

5.4. Байгууллага бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж эсвэл ажилтантай байна.

5.5. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь бусад хэлтсүүдээс ирүүлсэн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлнэ.

5.6. Төрийн албан хаагч нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.

5.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь нэгтгэсэн тайланд баримт бичгүүдийн зорилтын хэрэгжилт, гарсан үр дүнгийн талаар шинжилгээ, судалгаа хийж шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж нягтлах, цаг үеийн асуудлаар шуурхай мэдээ, тайланг гаргуулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж биелэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж холбогдох байгууллагад хүргүүлнэ.

5.8. Сумдын Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, аймгийн Засаг даргын Тамгын газарт хавсралтад заасан хугацаанд ирүүлнэ.


ЗУРГАА. ТАЙЛАНГИЙН БҮРДЭЛ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

6.1. Нутгийн захиргааны байгууллагаас ирүүлж буй тайлан нь дараах тайлангуудаас бүрдэнэ.

6.1.1. Бодлогын баримт бичигт дараах баримт бичгүүд багтана. Үүнд:

1. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030

2. Төрөөс баримтлах бодлого

3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр

4. Бүсчилсэн хөгжлийн бодлого

5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр

6. Үндэсний хөтөлбөр

7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

8. Аймаг нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт

9. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр

10. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

11. Дэд хөтөлбөр

12. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр

13. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр

6.1.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн баримт бичигт дараах баримт бичгүүд хамаарна. Үүнд:

1. Монгол улсын хууль

2. Улсын их хурлын тогтоол

3. Улсын их хурлын байнгын хорооны тогтоол

4. Ерөнхийлөгчийн зарлиг

5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр

6. Засгийн газрын тогтоол

7. Ерөнхий сайдын захирамж

8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл

9. Засгийн газрын албан даалгавар

6.1.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн баримт бичиг, бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас бусад нь хамаарагдана. Үүнд:

1. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт

2. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт

3. Ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

4. Шилэн дансны хөтлөлт

5. Шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

6. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт

7. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

8. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан

6.2. Мэдээ тайлан нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

6.2.1. Үр дүнд суурилсан, үнэн бодитой, утга найруулга сайтай товч бөгөөд тодорхой бичигдсэн байх.

6.2.2. Өмнөх оны суурь үзүүлэлттэй харьцуулсан үзүүлэлт, графикаар харуулсан байх

6.2.3. Тухайн салбарын тайлант онд хийгдсэн ажил /хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт/-ын баримт зураг оруулах

6.2.4. Тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний үр дүнг үнэлэхдээ сумдын Засаг даргын Тамгын газрыг 3 дугаар хавсралтаар, агентлагийг 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу үнэлнэ.

6.2.5. Нутгийн захиргааны байгууллага нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийн холбогдох заалтыг бүрэн хангаж ажилласан байна.

6.2.6. Сум, агентлаг нь тайлангаа 6.1.1, 6.1.2, 6.1.3 дахь бүрдлийн дагуу, тогтоосон хугацаанд гарган, үнэлж дүгнэн хавсралтуудын хамт цахим болон цаасан хэлбэрээр ирүүлэх

6.2.7. Мэдээ тайланг ирүүлэхдээ 2 дугаар хавсралтад заасан хугацаанд, журмын 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж ирүүлнэ.

6.2.8. Хэрэглэгчийн үнэлгээний санал асуулгын дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө, тайланг хавсаргаж ирүүлнэ.

6.3. Нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан нь:

6.3.1. ЗГХЭГ-т хүргүүлэх аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын тухайн жилийн үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн суурь баримт бичиг мөн тухайн байгууллагын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний тулгуур баримт болно.


ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

7.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт, төрөл:

7.1.1. Захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдамжид ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана.

7.1.2. Хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээг төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнгийн хэрэгжилтийг аль ч шатанд хийж болох бөгөөд бусад төрийн байгууллага, иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:

7.2.1. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

7.2.1.1. “үр дүнтэй” - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

7.2.1.2. “тодорхой үр дүнд хүрсэн” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);

7.2.1.3. “эрчимжүүлэх шаардлагатай” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);

7.2.1.4. “үр дүнгүй” - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);

7.2.1.5. “үнэлэх боломжгүй” - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

7.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

7.3.1. “бүрэн хэрэгжсэн” - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

7.3.2. “хэрэгжих шатанд” - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);

7.3.3. “хэрэгжилт хангалтгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);

7.3.4. “хэрэгжээгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);

7.3.5. ”хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.

7.4. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.

7.5. Үнэлэхэд дараах зааврыг мөрдөнө. Үүнд:

7.5.1. Тайланд хяналт-шинжилгээ хийхдээ баримт бичиг судлах, холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцах, санал асуулга явуулах, ажлын бодит гүйцэтгэлийг газар дээр нь шалгах зэрэг дүн шинжилгээний түгээмэл аргуудыг хэрэглэнэ.

7.5.2. Бодлогын зорилтын хэрэгжилт ба байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийг үнэлэхдээ тухайн баримт бичгүүдийг  хяналтанд авсан байдал, баримт бичиг тус бүрээр төлөвлөж ажиллаж байгаа эсэх болон тайлагнасан байдлыг /хугацаа, чанар гэх мэт/ харгалзана.

7.5.3. Байгууллагын нээлттэй байдлыг үнэлэхдээ тухайн салбар бүрийг зохицуулсан журам, дүрмийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгааг үнэлнэ.

7.5.4. Үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэхдээ мэдээллийн үнэн зөв байдлыг хянана.

7.5.5. Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагыг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзаж аймгийн Засаг даргын Тамгын газар сонгон шалгаруулна.

7.5.6. Хэрэглэгчийн үнэлгээний дүн гэдэгт аймгийн ЗДТГ-аас төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн “Хэрэглэгчийн үнэлгээ”-ний судалгааны дүнгээр сум, агентлагийн авсан үнэлгээг шууд хэрэглэнэ.

7.5.7. Хэрэглэгчийн үнэлгээг гаргахдаа захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хөндлөнгийн байгууллагаар нийт насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан байна.

7.5.8. Байгууллага нь тухайн жилд баримт бичгээс хяналтанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ байхгүй мөн худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүй бол тухайн үзүүлэлтүүдийг үнэлгээнээс хасч тооцно.

7.5.9. Хууль, эрх зүйн хэлтсээс үнэлсэн шударга байдлын түвшингийн үнэлгээ нь үнэлгээний нэг үзүүлэлт болно.

7.6. Үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үнэлгээ

7.6.1. Байгууллага бүр аймгийн засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг хангахын төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.

7.6.2. Байгууллагын үйл ажиллагааны үнэлгээг хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн үнэлгээний аргачлалын дагуу тооцно.

7.6.3. Үнэлгээний ажлын хэсэг нь Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолд заасны дагуу ажиллаж, байгууллагын үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ хийж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ба зөвлөлийн хурлын шийдвэрээр эцсийн үнэлгээг өгнө.

7.6.4. Үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг 100 хүртэл хувиар үнэлэх ба тухайн үнэлэгдсэн хувиа 0,05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн харгалзах оноог гаргана.

7.6.5. Сумдын Засаг дарга, агентлагийн дарга нар нь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хугацаанд нь үнэн зөв, бодитой тайлагнаж ирүүлэх үүрэгтэй. Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяа хэлтэс нь үнэлж, Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлэх ба ирүүлсэн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж аймгийн Засаг даргад танилцуулж баталгаажуулна.

7.6.6. Аймгийн Засаг даргын баталгаажуулсан үнэлгээ нь сум, агентлагийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний нэг үзүүлэлт болно.


НАЙМ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ҮР ДҮНГЭЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭ

8.1. Хяналт-шинжилгээний дүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

8.1.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь:

8.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар зөвлөмж бичиж сум, агентлагт хүргүүлнэ.

8.1.3. Тэргүүний туршлага, сайн жишээг бүхий л хэлбэрээр түгээн дэлгэрүүлнэ.

8.2. Нутгийн захиргааны байгууллага нь:

8.2.1. Өгсөн зөвлөмж, санал дүгнэлт дээр үндэслэн “Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө”-г баталж хэрэгжилтийг хангаж ажиллана.

8.2.2. Тэргүүний арга, туршлагыг судлах, дэлгэрүүлэх, гарсан алдаа, гажуудлыг засах;

8.2.3. Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах, ажилтнуудаа чадваржуулах


ЕС. УРАМШУУЛАЛ, ХАРИУЦЛАГА

9.1.1. Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээ нь оны эцэст онцлох байгууллагыг шалгaруулахад харгалзах нэг үзүүлэлт болох ба  хамгийн сайн үнэлгээ авсан нэг сумын Засаг даргын Тамгын газар, нэг агентлагийг урамшуулж болно.  

9.1.2. Тухайн сум, агентлагийн дарга буюу төсвийн шууд захирагчаас аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж, урамшлыг олгоход Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг мөрдөх ба үр дүнгийн гэрээний урамшилд шаардагдах зардлыг тухайн байгууллагын төсвөөс зарцуулна.

9.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийн гишүүд нь үйл ажиллагааны үр дүнг тоо баримт, судалгаа, мэдээлэлд тулгуурлан шударгаар үнэлэх ба өөрийн үнэлсэн үзүүлэлтийн үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцна.

9.1.4. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр 2 удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн дарга нарыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах саналыг томилох эрх бүхий албан тушаалтанд  уламжилна.

9.1.5. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

9.1.5.1. Худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

9.1.5.2. Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;

 

---o0o---