Аймгийн Засаг даргын 2017 оны А/566 тоот захирамж
ДОРНОГОВЬ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны 07 сарын 26-ны өдөр, дугаар А/566, Дорноговь аймаг, Сайншанд сум
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 /а/ дахь заалт, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Аймгийн "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг мөрдлөг болгож, журамд заасан хугацаанд үйл ажиллагааны тайланг ирүүлж ажиллахыг сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллагын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга /Б.Баярмаа/-д даалгасугай.
4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" аймгийн Засаг даргын 2014 оны А/495, А/496 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН
Аймгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хөгжлийн бодлогын баримт бичиг /цаашид “бодлогын баримт бичиг” гэх/, Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр /цаашид “хууль тогтоомж, тогтоол шийдвэр” гэх/-ийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага /цаашид “захиргааны байгууллага” гэх/-ын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЗОРИЛГО
2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн болон орон нутгийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулах.
2.2. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагыг цаг үеэ олсон хэрэгцээт мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргах үйл ажиллагааг бодлогын хувилбар, дүгнэлт зөвлөмжөөр дэмжин төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжихэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ
3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална:
3.1.1. Шударга, хараат бус байх;
3.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;
3.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
3.1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;
3.1.5. Хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;
3.1.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;
3.1.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.
3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ:
3.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:
3.2.1.1. Монгол Улсын хууль;
3.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;
3.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
3.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлаг;
3.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
3.2.1.6. Засгийн газрын тогтоол;
3.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;
3.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;
3.2.1.9. Засгийн газрын албан даалгавар.
3.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
3.2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;
3.2.2.2. Төрөөс баримтлах бодлого;
3.2.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;
3.2.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;
3.2.2.6. Үндэсний хөтөлбөр;
3.2.2.7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.2.8. Аймаг хөгжүүлэх хэтийн зорилт;
3.2.2.9. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2.10. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.2.11. Дэд хөтөлбөр;
3.2.2.12. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2.13. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.2.14. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.
ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мөрөөр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шагнал урамшууллын зардлыг тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгуулан шийдвэрлүүлнэ.
4.2. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх ажлыг орон нутгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүрэгтэй.
4.3. Бүр шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.
4.4. Сумдын Засаг даргын Тамгын газрын хууль зүй эсвэл дотоод ажил хариуцсан мэргэжилтэн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан тушаалтан түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
4.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр өгсөн зөвлөмжийг холбогдох байгууллагын албан хаагч биелүүлэх болон зохион байгуулсан үйл ажиллагааны талаар үнэн мэдээлэх үүрэг хүлээнэ.
4.6. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.
ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ, АРГА ЗҮЙ
5.1. Захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана.
5.2. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжид хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт батлуулсан байна.
5.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хийгдэх хэрэглэгчийн үнэлгээг Засгийн газраас баталсан журмын дагуу зохион байгуулна.
ЗУРГАА. ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ АРГА ЗҮЙ
6.1. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
6.1.1. “үр дүнтэй” – зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь)
6.1.2. “тодорхой үр дүнд хүрсэн” – зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь)
6.1.3. “эрчимжүүлэх шаардлагатай” – зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь)
6.1.4. “үр дүнгүй” – зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь)
6.1.5. “үнэлэх боломжгүй” – зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.
6.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
6.2.1. “бүрэн хэрэгжсэн” – холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
6.2.2. “хэрэгжих шатанд” – тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);
6.2.3. “хэрэгжилт хангалтгүй” – тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);
6.2.4. “хэрэгжээгүй” – тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагтай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);
6.2.5. “хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.
6.3. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.
6.4. Захиргааны байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ/, байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалын дагуу үнэлнэ.
6.5. Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн, нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзан жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ.
6.6. Тайлан мэдээг журамд заасан хугацаанаас хожимдуулж ирүүлсэн тохиолдолд хоног тутам 5 хувиар тооцож, нийт үнэлгээнээс хасаж тооцно.
ДОЛОО. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газар нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэхүү журмын 2, 3-р хавсралтын дагуу гаргаж, жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Тайлан нь дараах хавсралттай байна.
7.1. Сумдын Засаг даргын Тамгын газар:
7.1.1. Аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргатай байгуулсан төлөөлөн хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт;
7.1.2. Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт /төлөөлөн хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээний хавсралт/;
7.1.3. Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;
7.1.4. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;
7.1.5. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан, өмнөх жилийн судалгааны хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан.
7.2. Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг:
7.2.1. Аймгийн Засаг дарга болон Агентлагийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт /Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт/;
7.2.2. Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн биелэлт /үр дүнгийн гэрээний хавсралт/;
7.2.3. Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;
7.2.4. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;
7.2.5. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан, өмнөх жилийн судалгааны хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан.
7.3. Төсөвт байгууллагууд:
7.3.1. Аймгийн Засаг даргаас төсөвт байгууллагуудын дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
7.3.2. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг харьяа дээд шатны байгууллагадаа хүргүүлэх ба тухайн байгууллага үр дүнгийн талаарх мэдээллийг нэгтгэж, журмын нэгдүгээр хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
7.4. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2, 3, 4, 5, 6 дугаар хавсралт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг энэхүү журмын 4, 5 дугаар хавсралтын дагуу гаргана.
7.5. Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архив, албан хэрэг хөтлөлт, хариутай бичгийн барагдуулалт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, цаг үеийн үйл ажиллагаанд оролцсон байдал, шинэ санал, санаачилга гарган ажилласан байдалд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс үнэлгээ өгнө.
7.6. Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, шилэн данс хөтлөлт, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар тус тус үнэлгээ өгнө.
7.7. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс жилдээ 3-аас доошгүй агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын 2-оос доошгүй нэгжийн үйл ажиллагаанд зорилтот хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулна.
7.8. Удирдлага, үйлчлүүлэгчийн санал хүсэлт болон урьд оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг харгалзан зорилтот хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх сумдын Засаг даргын Тамгын газар, агентлагуудыг сонгох ба Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд сум, агентлаг, байгууллага, нэгжийн нэр, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, хугацааг тусган, байгууллагын даргаар баталгаажуулан ажиллана.
НАЙМ. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
8.1. Захиргааны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг батлагдан гарсан даруйд нь хяналтад авч, хэрэгжилтийг салбар, чиглэлээр ангилан Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж, энэхүү журамд заасан тайлан мэдээний хуваарийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
8.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ба удааширч байгаа болон тасарч байгаа заалтын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар төлөвлөгөө гаргаж ажиллана.
8.3. Шаардлагатай гэж үзвэл дээд шатны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
ЕС. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
9.1. Сумын Засаг даргын Тамгын газрын тэргүүний арга, туршлагыг цахим хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох ба гарсан алдаа, дутагдлыг засах талаар зөвлөмж чиглэл өгөх
9.2. Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах.
АРАВ. ДҮГНЭХ, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ ОЛГОХ
10.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болон аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг жил бүрийн 02 дугаар сарын 05-ны дотор захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлгээ дүгнэлт гарган, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, сум, агентлагийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө.
10.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий үнэлгээгээр тэргүүн байр эзэлсэн агентлагийг Хүндэт өргөмжлөл, 2.0 сая төгрөг, дэд байранд шалгарсан сумыг Хүндэт өргөмжлөл, 1.5 сая төгрөг, гуравдугаар байранд шалгарсан сумыг Хүндэт өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр тус тус шагнана.
10.3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий үнэлгээгээр тэргүүн байр эзэлсэн агентлагийг Хүндэт өргөмжлөл, 1.0 сая төгрөг, дэд байранд шалгарсан агентлагийг Хүндэт өргөмжлөл, 800.0 мянган төгрөг, гуравдугаар байранд шалгарсан агентлагийг Хүндэт өргөмжлөл, 500.0 мянган төгрөгөөр тус тус шагнана.
10.4. “Жилийн ажлын дүнгээр тэргүүн байр эзэлсэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг нэг сарын үндсэн цалин, дэд байр эзэлсэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг нэг сарын үндсэн цалингийн 80 хувь, гуравдугаар байр эзэлсэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг нэг сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал” олгоно.
АРВАН НЭГ. ХАРИУЦЛАГА
11.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжилна.
11.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:
11.2.1. Худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;
11.2.2. Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;
11.2.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй.
---o0o---