Сайдын 2018 оны А/227 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН
ТУШААЛ

2018 оны 12 сарын 31-ны өдөр, дугаар А/227, Улаанбаатар хот


АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Эрчим хүчний салбарын бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тушаал шийдвэр болон бусад баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү аргачлалыг хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд мөрдөн ажиллахыг холбогдох газар, хэлтэс, салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудад үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /З.Мэндсайхан/-д даалгасугай

 

САЙД                                                  Ц.ДАВААСҮРЭН

Эрчим хүчний салбарын бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тушаал шийдвэр болон бусад баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал


НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, тушаал, шийдвэр, гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн байдал, тэдгээрээр хүлээсэн үүргийн биелэлт, үр дүнгийн үзүүлэлтэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөхөд энэхүү аргачлалыг баримтална.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь салбарын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, удирдлагыг мэдээлэл, зөвлөмжөөр хангаж тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил нь Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээг бүхэлд нь хамарч, бодлогын тодорхой чиглэлээр хийгдэнэ. Хамрах хүрээ, цаг хугацааг удирдамжаар тодорхойлно.

1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхдээ хууль дээдлэх, шударга, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид хараат бус, үр дүнд чиглэсэн, бодит тоо баримт, нотолгоо, судалгаанд тулгуурласан байх зэрэг зарчмуудыг баримтална.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх үйл ажиллагаанд Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам" /цаашид "нийтлэг журам" гэх/-ыг удирдлага болгоно.

2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хамрах хүрээ, оролцогч байгууллагын тоо, тухайн ажлын ач холбогдлыг харгалзан тодорхой удирдамжтайгаар хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, эсвэл уг ажлыг хариуцсан ажилтан гүйцэтгэнэ.

2.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний багийн бүрэлдэхүүнд "Нийтлэг журам"-ын 4.6-д заасан шаардлагыг хангасан ажилтныг тухайн байгууллагын удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулж болно.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

3.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, салбарын бодлогын баримт бичиг, үндэсний хөтелбөр, төсөл болон бодлогын бусад баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

3.1.1. "үр дүнтэй" - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол хэрэгжилт 100 хувь (90-100 хүртэл хувь);

3.1.2. "тодорхой үр дүнд хүрсэн" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);

3.1.3. "эрчимжүүлэх шаардлагатай" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол хэрэгжилт 40 хувь (31-59 хүртэл хувь);

3.1.4. "үр дүнгүй" - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол хэрэгжилт 0 хувь (0-30 хүртэл хувь);

3.1.5. "үнэлэх боломжгүй" - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

3.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

3.2.1. "бүрэн хэрэгжсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

3.2.2. "хэрэгжих шатанд" - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);

3.2.3. "хэрэгжилт хангалтгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);

3.2.4. "хэрэгжээгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);

3.2.5. "хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй".

3.2.6. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ.

В - бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүн;

X - арга хэмжээ, зүйл заалтын хүрсэн түвшин;

Z - арга хэмжээ, зүйл заалтын зорилтод түвшин;

n - арга хэмжээ, зүйл заалтын тоо;

i - үзүүлэлтийн дугаар;

3.3. Үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, тушаал шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно. Үүнд:

3.3.1. "маш сайн буюу бүрэн биелсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь;

3.3.2. "сайн" - тавьсан зорилтод бүрэн хүрээгүй боловч санхүү, зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох шийдвэр гарсан, үр дүн гарч эхэлсэн бол 90.0 хувь /80.0-99.0 хүртэл хувь/;

3.3.3. "хангалттай" - тавьсан зорилтод хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны удирдлага, байгууллагад өргөн барьсан, гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол 70.0 хувь /60.0-79.0 хүртэл хувь/;

3.3.4. "дунд" - зорилтыг биелүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол ажлын гүйцэтгэлийг харгалзан 50.0 хувь /40.0-69.0 хүртэл хувь/;

3.3.5. "дутагдалтай" - зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил дуусаад, боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж буй ажлын түвшинг харгалзан 30.0 хувь /20.0-49.0 хүртэл хувь/;

3.3.6. "хангалтгүй" - зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10.0 хувь /1.0-29.0 хүртэл хувь/;

3.3.7. "тасарсан буюу муу" - тухайн зорилтыг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол биелэлтийн хувийг "0" гэж үзнэ.

3.3.8. Төлөвлөсөн арга хэмжээ бүрийн хэрэгжүүлэх хугацааны төгсгөлд гарах үр дүнг үнэлгээ хийх үед хүрсэн бодит үр дүнгийн түвшинтэй харьцуулан биелэлтийг хувиар тодорхойлно. Үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, тушаал шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэпжилтийн арифметик дунджаар тооцно.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

4.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг "Нийтлэг журам"-д заасны дагуу хийж гүйцэтгэнэ.

4.2. Үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, тушаал шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилт, тайлан, үр дүнгийн талаарх мэдээллийг хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагаас гаргуулах, материалыг судалж, зорилтын хэрэгжилт, үр дүнтэй уялдсан судалгаа явуулах, шаардлагатай бол тодотгол мэдээ авах.

4.3. Үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар яамны бүтцийн нэгжүүд, салбарын үйлдвэр, компаниуд, холбогдох бусад газар, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагаас гаргасан тайлан, мэдээ мэдээллийг цуглуулан авч задлан шинжлэх замаар хяналт-шинжилгээнд ашиглах.

4.4. Цуглуулж авсан тайлан, шийдвэр, мэдээ мэдээлэл нь тухайн бодлогын зорилго, зорилтын хэрэгжилт, үр дүнг тодорхойлох, хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн нийцэж байгаад хяналт хийж, шаардлагатай бол хяналт-шинжилгээний баг газар дээр нь танилцаж нэмэлт мэдээлэл авах.

4.5. Хяналт-шинжилгээ хийж байх үеийн үзүүлэлтийн хэмжээ, түвшинг тухайн арга хэмжээг хэрэгжүүлэхээс өмнөх үеийн суурь өгөгдлүүдтэй буюу эсвэл урьдчилан тооцоолсноор хүрсэн байх ёстой үзүүлэлттэй харьцуулан үнэлгээ, дүгнэлт хийнэ.

4.6. Хяналт-шинжилгээ хийх арга хэрэгслийг тухайн ажлын хамрах хүрээ, онцлог байдал, хяналт-шинжилгээний хэлбэр зэргээс хамааруулан сонгоно.

4.7. Цуглуулж авсан мэдээ, мэдээллүүдээ нэгтгэн дүгнэх, харьцуулан судлах, задлан шинжлэх, чанарын түвшинг тогтоох, өгөгдөхүүнийг хэмжээсжүүлэх, ажлын ололт амжилт, хүрсэн үр дүнг хамт олны оролцоотой үнэлэх зэрэг хяналт-шинжилгээний аль тохиромжтой арга барилыг ашиглан хяналт-шинжилгээг хийнэ.

4.8. Хяналт-шинжилгээний үндсэн дээр гарсан ололт амжилт, илэрсэн дутагдал гажуудлыг арилгах, хүсэн хүлээсэн үр дүнд хүргэхэд шаардлагатай арга хэмжээний санал, шийдвэрийн төсөл боловсруулж удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

4.9. Тухайн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулж, удирдлага, холбогдох газарт хүргүүлнэ.

4.10. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг баримтжуулж нэгдсэн тайлан буюу танилцуулга бэлтгэнэ. Энэхүү тайлан, танилцуулгад дараах мэдээллийг тусгана:

4.10.1 Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго, зорилт, баримталсан эрх зүй, удирдамжийн баримт бичиг, багийн бүрэлдэхүүн, түүний гүйцэтгэсэн үйл ажиллагаа, хугацааны талаарх мэдээлэл;

4.10.2. Тухайн бодлогын зорилт, арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд хийгдэх үндсэн үйл ажиллагаа, төлөвлөсөн цаг хугацаа, хүний болон санхүүгийн нөөц, хүрэх үр дүнгийн талаарх мэдээлэл, гүйцэтгэсэн бодит ажил, санхүүжилт, нөөцийн ашиглалтын талаарх хүрсэн үр дүнг тоон болон чанарын түвшний тодорхой үзүүлэлтээр гаргаж, тайлбарлан тайлагнах /зорилго, зорилтууд, хийгдэх үйл ажиллагаанууд, төлөвлөсөн үр ашиг, үр дүнгийн үнэлгээ хийхэд хэрэглэх батлагдсан үзүүлэлтүүдийн талаар бичнэ/;

4.10.3. Хяналт-шинжилгээний дүнд тодорхойлсон тоон болон чанарын үзүүлэлтийн хүрсэн түвшинг хүсэн хүлээсэн түвшин, үр дүнтэй харьцуулан бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилтыг хэрхэн урамшуулах, гарсан зөрчлийг нэг бүрчлэн тогтоож, үнэлэлт дүгнэлт хийсэн талаарх мэдээлэл /төлөвлөсөн болон төлөвлөөгүй үр дүн ямар түвшинд хэрэгжсэнийг бодит үр дүнтэй нь харьцуулж үнэлэх ба бодит үр дүн нь төлөвлөсөн үр дүнгээс зөрүүтэй байгаа тохиолдол бүрд тайлбар хийж, шалтгааныг тодруулна/;

4.10.4. Хяналт-шинжилгээний явцад илэрсэн зөрчил дутагдал, гарсан алдааг засах, хэрэгжилтийг зөв чиглэл, голдирлоор явуулах талаар шийдвэрийн төсөл боловсруулах, санал, зөвлөмжийг томьёолох /нэмэлт санхүүжилт, материалын болон бусад нөөц шаардлагатай байгаа эсэх зэрэг үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаануудын талаарх саналыг бичнэ/;

4.10.5. Хяналт-шинжилгээ хийхэд ашигласан судалгаа, харьцуулсан үзүүлэлтийн материалыг тайлан буюу танилцуулгад хавсаргана.

4.11. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамрагдсан талууд нь гүйцэтгэсэн ажлын тайлан, холбогдох судалгааны болон шаардлагатай бусад мэдээ, материалыг хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, эсвэл ажилтанд товлосон хугацаанд нь саадгүй бүрдүүлж өгөх үүрэг хүлээнэ.

4.12. Хяналт-шинжилгээний дүгнэлт, санал, зөвлөмж нь бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, аливаа алдаа, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг илрүүлж засах, оновчтой шийдвэр гаргах үндэслэл болно.

4.13. Хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн баг, эсвэл уг ажлыг хариуцсан ажилтан нь үнэлгээний эцсийн үр дүнг удирдлагад танилцуулна.
 

---o0o---