Сайдын 2017 оны А/422 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН
ТУШААЛ

2017 оны 11 сарын 14-ний өдөр, дугаар А/422, Улаанбаатар хот


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох газар, хэлтэс, харьяа эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, ерөнхий захирал нарт үүрэг болгосугай. 

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Д.Очирбат)-д даалгасугай. 

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 сарын 26-ны өдрийн 448 дугаар тушаал, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 283 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 

 

САЙД                                        Д.САРАНГЭРЭЛ

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмыг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны харьяа эрүүл мэндийн байгууллага, аймаг/нийслэлийн Эрүүл мэндийн газар (ЭМГ) (цаашид “Эрүүл мэндийн байгууллага” гэх)-ын үйл ажиллагаа, Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар (шаашид “Холбогдох эрх зүйн баримт бичиг” гэх)-ын хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэхэд мөрдөнө.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ)-ний зорилго нь төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг сайжруулж, хэрэгжилт, хариуцлагыг нэмэгдүүлж бэхжүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийг сайжруулахад оршино.

1.3. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь холбогдох хууль, тогтоомж, энэхүү журмыг үндэслэн өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад ХШҮ хийх журмыг батлан мөрдөнө.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ

2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд дараах зарчмыг баримтална. Үүнд:

2.1.1. шударга, хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус байх;

2.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа, явц нээлттэй, тэдгээрээс гарсан тайлан, дүгнэлт нь ил тод байх;

2.1.3. үр дүнд чиглэсэн байх;

2.1.4. тоо баримт, судалгаа, албан ёсны мэдээлэл зэрэг нотолгоонд тулгуурласан байх;

2.1.5. хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тодорхой үе шаттай, тогтмол хийдэг байх;

2.1.6. хэрэглэгч, сонирхогч талуудын оролцоог хангасан байх.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ

3.1. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн болон тусгайлсан гэсэн 2 төрлийн ХШҮ хийнэ.

3.1.1. Гүйцэтгэлийн ХШҮ нь дараах хүрээг хамрана. Үүнд:

3.1.1.1. Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагч (Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн ерөнхий захирал)-тай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн байдал;

3.1.1.2. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;

3.1.1.3. Байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.1.1.4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтийн биелэлт;

3.1.1.5. Хэрэглэгчийн үнэлгээ;

3.1.2. Тусгайлсан ХШҮ нь дараах хүрээг хамарна. Үүнд:

3.1.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

3.1.2.1.1. Монгол Улсын хууль;

3.1.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;

3.1.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;

3.1.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;

3.1.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;

3.1.2.1.6. Засгийн газрын тогтоол;

3.1.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;

3.1.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;

3.1.2.1.9. Засгийн газрын албан даалгавар.

3.1.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

3.1.2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;

3.1.2.2.2. Төрөөс баримтлах бодлого;

3.1.2.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.1.2.2.4. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;

3.1.2.2.5. Үндэсний хөтөлбөр;

3.1.2.2.6. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.1.2.2.7. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр.

3.1.2.3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ;

3.1.2.3.1. Эмнэлзүйн удирдамж, зааврын хэрэгжилтийн байдал;

3.1.2.3.2. Зайлшгүй шаардлагатай болон амин чухал эмийн хангамж, эмийн чанар, аюулгүй байдал, эмийн зохистой хэрэглээ;

3.1.2.3.3. Эмчилгээ, оношилгооны шинэ арга, дэвшилтэт технологийг практикт нэвтрүүлж, эрүүл мэндийн болон эдийн засгийн үр дүнг тооцсон байдал;

3.1.2.3.4. Тусламж үйлчилгээтэй холбоотой гомдлын шийдвэрлэлт; 

3.1.2.3.5. Нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийн байдал, үр дүн.

3.1.2.4. Байгууллагын удирдлага хөгжил 

3.1.2.4.1. Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн;

3.1.2.4.2. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн;

3.1.2.4.3. Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үеийн бэлэн байдал хангах, хариу арга хэмжээний болон нөхөн сэргээх үеийн төлөвлөгөө, хэрэгжилтийн байдал, тухайн жилд зохион байгуулсан бэлэн байдлын сургалтын тоо;

3.1.2.4.4. Байгууллагын эрсдэлийн удирдлага, эрсдэл бууруулах төлөвлөгөө, хэрэгжилтийн байдал;

3.1.2.4.5. Байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажилласан байдал, хамтын гэрээний хэрэгжилтийн үр дүн;

3.1.2.4.6. Тухайн байгууллагаас хэрэгжүүлж буй судалгааны хэрэгжилт, календарчилсан төлөвлөгөөний биелэлт;

3.1.2.4.7. Байгууллагын гадаад хамтын ажиллагаа, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслийн үр дүн;

3.1.2.4.8. Байгууллагын хөгжил, соёлын талаарх холбогдох эрх зүйн актын, хэмжилтийн байдал, үр дүн.

3.1.2.5. Мэдээллийн удирдлага

3.1.2.5.1. Статистик мэдээллийн үнэн бодит, шуурхай байдал, мэдээний чанар;

3.1.2.5.2. Байгууллагын цахим хуудасны тогтмолжсон байдал;

3.1.2.5.3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мэдээллийн технологийн зохистой хэрэглээг төлөвшүүлсэн байдал, үр дүн;

3.1.2.5.4. Эрүүл мэндийн мэдээлэл, мэдээллийн технологийн талаарх холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийн байдал, үр дүн.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1. Эрүүл мэндийн байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий дотоод хяналтын нэгж эсхүл ажилчинтай байна.

4.2. Эрүүл мэндийн яам нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг салбарын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.

4.3. Захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгж, (ЭМЯ-нд Төрийн захиргааны удирдлагын газар) бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй. 

4.4. Тухайн байгууллагын дотоод хяналтын нэгж, байгууллагын чиг үүрэг, бүтэц орон тооны хязгаарт нийцсэн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц бүрэлдэхүүнтэй байна. 

4.5. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан хүнийг бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, албан тушаалд томилно, 

4.5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон эрүүл мэндийн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

4.5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;

4.5.3. баримт бичигт дүн шинжилгээ хийх үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх.


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах эрхтэй байна:

5.1.1. байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;

5.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт материалыг холбогдох нэгж албан тушаалтнаас гаргуулан авах;

5.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд Хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;

5.1.4. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.

5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах үүрэгтэй байна:

5.2.1. хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;

5.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;

5.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;

5.2.4. Мэргэжил, мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэн хөгжүүлэх.


ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ

6.1. Эрүүл мэндийн байгууллага нь жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг батална. Энэхүү төлөвлөгөө нь тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн төлөвлөгөө байж болно. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана.

6.2. Үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана.

6.3. Хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

6.4. Холбогдох бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. Энэ үүргийг эрүүл мэндийн байгууллагад тэдгээрийн дарга, ерөнхий захирал нар хариуцна.

6.5. Гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлгээний тайланг энэхүү журмын 7, 8, 9 дүгээр хавсралтын дагуу гаргаж тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ХШҮДА-ын нэгжид журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.

6.6. Энэхүү журмын 3.1.2-т заасан тусгайлсан хяналт-шинжилгээ, үнэлгээг 2, 3 дугаар хавсралтаар тогтоосон хугацаанд тус тус гаргаж, энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан газарт хүргүүлнэ.


ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

7.1. Гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ХШҮ-ний нэгж, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран гүйцэтгэнэ.

7.2. Тусгайлсан хяналт-шинжилгээ, үнэлгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газар, хэлтэс шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ.

7.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хүрээ, хугацааг удирдамжаар тодорхойлно. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг, удирдамжийг Эрүүл мэндийн сайд эсхүл яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүний 20 хүртэлх хувийг ХШҮ-ний чиглэлээр мэргэшсэн судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдүүлж болно.

7.4. Зайлшгүй шаардлагаар Эрүүл мэндийн сайд болон Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжаар бодлогын тодорхой чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж болно.

7.5. Ажлын хэсгийн ажиллах хэлбэр нь хурал байна. Хурлаас тэмдэглэл гарах бөгөөд уг тэмдэглэлд хуралд оролцогчид, гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлын агуулга, асуудлыг хэлэлцсэн явц болон хурлаас гарсан шийдвэрийг тус тус тусган, хуралд оролцсон гишүүдийн гарын үсгийг зурж баталгаажуулна.

7.6. Ажлын хэсгийн хурлыг нийт гишүүдийн дийлэнх олонх оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцож, ердийн олонхын саналаар шийдвэр гаргана.

7.7. Тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ баримт бичиг судлах, холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцах, санал асуулга явуулах, ажлын бодит гүйцэтгэлийг газар дээр нь шалгах зэрэг дүн шинжилгээний түгээмэл аргуудыг хэрэглэнэ.

7.8. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгасан тоон болон тоогоор илэрхийлж болох зарим үзүүлэлтийг статистикийн болон тухайн үйл ажиллагааны хүрээний асуудлыг хариуцсан бусад байгууллагын судалгааны үзүүлэлт, тухайн жилд дээд шатны байгууллагаас газар дээр нь хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэгтэй харьцуулан нягталж үзнэ.

7.9. Жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээ нь шалгуур бүрийн онооны нийлбэрийг нийт шалгуурын тоонд хувааж гаргасан дундаж оноогоор илэрхийлэгдэнэ. Үнэлгээний хувь болон оноог энэхүү журмын 6.17, 6.18-д заасны дагуу тодорхойлно.

7.10. Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай тухайн онд байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлтийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг баримтлан дүгнэнэ.

7.11. Аймаг, нийслэлийн ЭМГ-ын даргын Үр дүнгийн гэрээг дүгнэхдээ аймаг, нийслэлийн Засаг даргаас ЭМГ-ын даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг үндэслэнэ.

7.12. Хэрэглэгчийн үнэлгээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар тухайн үйлчлэх хүрээний хүн амын насанд хүрсэн иргэдийн 3-5 хүртэлх хувийг эсхүл эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргах бөгөөд уг үнэлгээг шууд хэрэглэнэ.

7.13. Хэрэглэгчийн үнэлгээг нийслэлд Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймагт Эрүүл мэндийн газар хийж гүйцэтгэнэ. Тус төв, газар нь хэрэглэгчийн үнэлгээг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж судалгааг гүйцэтгүүлж болно.


НАЙМ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

8.1. Хүрэх түвшин нь тодорхойлогдсон шалгуурын гүйцэтгэлийн хувийг гаргахдаа зорилтын гүйцэтгэлийг (Г) хүрэх түвшин буюу тавьсан зорилтод (З) харьцуулж хувиар илэрхийлнэ. (Г/Зх100). Энэхүү хувийг 0.05-аар үржүүлж (Г/Зх100х0.05) үнэлгээний оноог тодорхойлно.

8.2. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

8.2.1. “үр дүнтэй” – зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

8.2.2. “тодорхой үр дүнд хүрсэн” – зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);

8.2.3. “эрчимжүүлэх шаардлагатай” – зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);

8.2.4. “үр дүнгүй” – зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);

8.2.5. “үнэлэх боломжгүй” – зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

8.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

8.3.1. “бүрэн хэрэгжсэн” – холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

8.3.2. “хэрэгжих шатанд” – тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);

8.3.3. “хэрэгжилт хангалтгүй” – тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);

8.3.4. “хэрэгжээгүй” – тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);

8.3.5. “хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.

8.4. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ.

B – бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүн;
X – арга хэмжээ, зүйл заалтын хүрсэн түвшин;
Z – арга хэмжээ, зүйл заалтын зорилтот түвшин;
n – арга хэмжээ, зүйл заалтын тоо;
i – үзүүлэлтийн дугаар;

8.5. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тухайн жилийн үйл гүйцэтгэлийн ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ.

E – ерөнхий үнэлгээ;
α – Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчаас төлөөлөн хэрэгжүүлэгч (Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга)-тай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн хувь;
β – эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтийн биелэлтийн хувь;
ϒ – хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;
µ – байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хувь;
s – хэрэглэгчийн үнэлгээ;
n – үр дүнгийн гэрээний арга хэмжээний тоо;
m – шалгуур үзүүлэлтийн тоо;
k – хүний нөөцийг чадавхжуулах арга хэмжээний тоо;
Ω – ил тод байдлын үзүүлэлтийн тоо;
i – үзүүлэлтийн дугаар;

8.6. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.

8.7. Ерөнхий үнэлгээний оноог үндэслэн дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө. Үүнд:

“А” буюу “Маш сайн” 90-100 хувь (4.50-5.00 оноо);

“B” буюу “Сайн” 80-89.0 хувь (4.00-4.49 оноо);

“C” буюу “Хангалттай” 70-79.0 хувь (3.50-3.99 оноо);

“D” буюу “Дутагдалтай” 60-69.0 хувь (3.00-3.49 оноо);

“F” буюу “Хангалтгүй” 0-59.0 хувь (0.00-2.99 оноо)


ЕС. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

9.1. Гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс тус бүрд 2 сая хүртэл төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

9.2. Тухайн жилд гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр “А” буюу “Маш сайн” үнэлгээ авсан эрүүл мэндийн байгууллагын захирал, даргыг нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн шагналаар урамшуулна. Мөнгөн урамшууллын зардлыг тухайн байгууллагын төсөвт тусгасан байна.

9.3. Энэхүү журмын 9.1-д заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тусган жил бүр батлуулна.

9.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллана.

9.5. Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа, дутагдлыг засна.

9.6. Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана.

9.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээг газар дээр нь хийх эрдэмтэн, судлаачдыг үнэлгээ хийхэд татан оролцуулах, хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном, товхимол, гарын авлага хэвлүүлэх зэрэг зардлыг өөрийн байгууллагын төсөвт жил бүр тусган батлуулна.


АРАВ. ХАРИУЦЛАГА

10.1. Үнэлгээний дүнгээр “Дутагдалтай” болон “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн байгууллагын удирдлагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

10.2. Энэхүү журмын 3 дахь бүлэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан, хугацаандаа тайлагнаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---o0o---