Аймгийн Засаг даргын 2017 оны А/552 тоот захирамж
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны 11 сарын 29-ний өдөр, дугаар А/552, Арвайхээр
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын "Журам шинэчлэн батлах тухай" 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах, журмын дагуу тогтоосон хугацаанд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
4. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Ц.Ганболд/-д үүрэг болгосугай.
5. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" аймгийн Засаг даргын 2013 оны А/387 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛД
Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмаар хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид "бодлогын баримт бичиг" гэх), Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр (цаашид "хууль тогтоомж, тогтоол шийдвэр" гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, нутгийн захиргааны байгууллага (цаашид "захиргааны байгууллага" гэх)-ын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь нутгийн захиргааны байгууллагын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.
1.3. Нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. "хяналт-шинжилгээ" гэж байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх тасралтгүй үйл ажиллагааг;
2.1.2. "үнэлгээ" гэж байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн зорилго, зорилтын хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг;
2.1.3. "үр дүнд суурилсан явцын үнэлгээ" гэж хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
2.1.4. "үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ" гэж бодлогын баримт бичиг хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эсхүл зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
2.1.5. "хөндлөнгийн үнэлгээ" гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, судлаач, үнэлгээчдийн хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг;
2.1.6. "хэрэглэгчийн үнэлгээ" гэж захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн дүнг;
2.1.7. "шалгуур үзүүлэлт" гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;
2.1.8. "суурь үзүүлэлт" гэж үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг, хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;
2.1.9. "зорилтот түвшин" гэж тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;
ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ
3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:
3.1.1. шударга, хараат бус байх;
3.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;
3.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
3.1.4. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;
3.1.5. хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;
3.1.6. хяналт-шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;
3.1.7. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.
ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ
4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана:
4.1.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:
4.1.1.1. Монгол Улсын хууль;
4.1.1.2. Улсын Их Хурлын тогтоол;
4.1.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
4.1.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;
4.1.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
4.1.1.6. Засгийн газрын тогтоол;
4.1.1.7. Ерөнхий сайдын захирамж;
4.1.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;
4.1.1.9. Засгийн газрын албан даалгавар;
4.1.1.10. Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;
4.1.1.11. Аймаг, сумын Засаг даргын шийдвэр.
4.1.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
4.1.2.1. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;
4.1.2.2. Төрөөс баримтлах бодлого;
4.1.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
4.1.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;
4.1.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;
4.1.2.6. Үндэсний хөтөлбөр;
4.1.2.7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
4.1.2.8. Аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт;
4.1.2.9. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
4.1.2.10. Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл; дэд хөтөлбөр;
4.1.2.11. гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.
4.1.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:
4.1.3.1. Энэхүү журмын 4.1.1, 4.1.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
4.1.3.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
4.1.3.3. аймгийн Засаг даргаас агентлагийн дарга, сумын Засаг даргатай тухайн жилд байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
4.1.3.4. ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
4.1.3.5. шилэн дансны хөтлөлт;
4.1.3.6. шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
4.1.3.7. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
4.1.3.8. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
4.1.3.9. хэрэглэгчийн үнэлгээний тайлан;
ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5.1. Нутгийн захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий орон тооны бус нэгж, эсхүл ажилтантай байна.
5.2. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагт хяналт-шинжилгээ, үнэлгээ эсхүл захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгж, ажилтан, дарга, сумын Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааны асуудал хариуцсан ажилтан, Засаг даргын Тамгын газрын дарга нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэн боловсруулж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
Төрийн албан хаагч бүр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мэдээлэх, нийтэд сурталчлахтай холбогдсон үүргийг ажлын байрны тодорхойлолтод тусган биелэлтийг ханган, хариуцсан ажлын чиглэлээр бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.
5.3. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, дээд шатны байгууллагад мэдээлэх үүргийг хариуцна.
5.4. Энэхүү журмын 5.3-т заасан үүргийг салбарын хэмжээнд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга, тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд сумын Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжид дарга (захирал) нар тус тус хариуцна.
5.5. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан хүн /нэгж /-ийг бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр үүрэгжүүлсэн байна.
5.5.1. хяналт-шинжилгээ, үнэлгээ, төрийн захиргааны чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
5.5.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;
5.5.3. баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх.
ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН
АЖИЛТНЫ / НЭГЖИЙН / ЭРХ, ҮҮРЭГ
6.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах эрхтэй байна:
6.1.1. байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;
6.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
6.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;
6.1.4. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.
6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч /нэгж/ нь дараах үүрэгтэй байна:
6.2.1. хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
6.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;
6.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;
6.2.4. мэргэжил, мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэн хөгжүүлэх.
ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ,
ТӨРӨЛ, АРГА ЗҮЙ
7.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт, төрөл:
7.1.1. захиргааны байгууллага бүр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг батална. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана;
7.1.2. захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана;
7.1.3. хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллага, бусад төрийн байгууллагын төлөөллийг оролцуулж болно;
7.1.4. аймаг, сумын Засаг даргын Тамгын газар нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.1-д заасны дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.
7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:
7.2.1. бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
7.2.1.1. "үр дүнтэй" - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
7.2.1.2. "тодорхой үр дүнд хүрсэн" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);
7.2.1.3. "эрчимжүүлэх шаардлагатай" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);
7.2.1.4. "үр дүнгүй" - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);
7.2.1.5. "үнэлэх боломжгүй" - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.
7.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
7.3.1. "бүрэн хэрэгжсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
7.3.2. "хэрэгжих шатанд" - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);
7.3.3. "хэрэгжилт хангалтгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);
7.3.4. "хэрэгжээгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);
7.3.5. "хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй".
7.4. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ (1).
В - бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүн;
Х - арга хэмжээ, зүйл заалтын хүрсэн түвшин;
Z - арга хэмжээ, зүйл заалтын зорилтот түвшин;
n - арга хэмжээ, зүйл заалтын тоо;
i-үзүүлэлтийн дугаар;
B=1/n ∑_(i=1)^n(X_i/Z_i )*〗100% (1) томьёогоор тодорхойлно.
7.5. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болон сумын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ (2).
Е - ерөнхий үнэлгээ;
α - бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;
β - байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;
ү - байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;
n - бодлогын баримт бичгийн тоо;
m - байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн тоо;
k - байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтийн тоо;
i - үзүүлэлтийн дугаар;
E=0.05*[(1/n ∑(i=1)^n(αi))*0.6+(1/m ∑(i=1)^m (βi))*0.2+(1/k∑(i=1)^k(γi))*0.2] (2)
7.6. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.
7.7. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө буюу төсвийн ерөнхийлөн болон шууд захирагчийн гэрээний үүргийн биелэлт, байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.
НАЙМ. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
8.1. Нутгийн захиргааны байгууллага нь бодлогын баримт бичигт тодорхойлсон төлөвлөгөөний дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Бодлогын баримт бичигт үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.
8.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар саналаа тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдэд уламжилна.
8.3. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг шаардлагатай тохиолдолд газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
8.4. Энэхүү журмын 4.1.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн тайланг мөн журмын 2-5 дугаар хавсралтын дагуу гаргаж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд байгууллагын удирдлагаар баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлнэ.
8.5. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газарт тухайн байгууллага нь даргын хянасан гарын үсэг, баталгаажуулалттай ирүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
ЕС. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
9.1. Нутгийн захиргааны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр /аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шийдвэр давхар орно/-ийг хяналтад авч, хэрэлжилтийг зохион байгуулж, салбар, чиглэлээр ангилан энэхүү журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж тайланг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд харьяалах байгууллагад хүргүүлнэ.
9.2. Улсын төсөвт байгууллага /Музей, Номын сан, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хөгжимт драмын театр зэрэг/, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан аймгийн удирдлагаас өгөгдсөн үүрэг, даалгавар, шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд хэрэгжилтэд нь холбогдох нутгийн захиргааны байгууллага /аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох бодлогын хэлтэс/ хяналт тавьж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд харьяалах байгууллагад хүргүүлнэ.
9.3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн нэгдсэн дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах бөгөөд хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
9.4. Нутгийн захиргааны байгууллага бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон сүүлийн 3 жил тасарсан болон тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн заалтыг хүчингүй болгох, хяналтаас хасах тухай саналыг жилийн эцсийн тайлангийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлнэ. Тус нэгж уг асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсны үндсэн дээр холбогдох шийдвэр тус бүрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
9.5. Шаардлагатай гэж үзвэл аймгийн Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
9.6. Нутгийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг агуулга, чиглэлээр нь багцлан хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн холбогдох арга хэмжээ авна.
АРАВ. НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
10.1. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэхүү журмын 7, 8 дугаар хавсралтын дагуу гаргаж, тайланг аймгийн Засаг даргын Тамгын газарт мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ. Тайлан нь дараах хавсралттай байна:
10.1.1. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг /газар, хэлтэс, алба/:
10.1.1.1. Энэхүү журмын 4.1.1, 4.1.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
10.1.1.2. аймгийн Засаг даргаас агентлагийн даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
10.1.1.3. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж, хэрэгжилтийг тайлагнасан байдал;
10.1.1.4. Төрийн алба, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, төрийн албан хаагчийн ёс зүй, хүний нөөцийг чадавхжуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;
10.1.1.5. Байгууллагын ил тод, шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
10.1.1.6. Шилэн дансны хөтлөлт;
10.1.1.7. Байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг хэрэглэгчдээр үнэлүүлж, тэдний санал бодлыг бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлж буй байдал;
10.1.1.8. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгавар, мэдээ тайлангийн ирц, чанарын үнэлгээ.
10.1.2. Сумын Засаг даргын Тамгын газар:
10.1.2.1. Энэхүү журмын 4.1.1, 4.1.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
10.1.2.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
10.1.2.3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
10.1.2.4. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
10.1.2.5. Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилт;
10.1.2.6. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
10.1.2.7. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
10.1.2.8. Төрийн алба, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, төрийн албан хаагчийн ёс зүй, хүний нөөцийг чадавхжуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;
10.1.2.9. Орон нутгийн хөгжлийн сан, хөрөнгө оруулалтын талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
10.1.2.10. Байгууллагын ил тод, шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
10.1.2.11. Шилэн дансны хөтлөлт;
10.1.2.12. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгавар, мэдээ тайлангийн ирц, чанарын үнэлгээ;
10.1.2.13. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан.
10.2. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар энэхүү журмын 2-6 дугаар хавсралтын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн тайланг байгууллагын үйл ажиллагааны жилийн тайлангийн хамт дахин ирүүлэх шаардлагагүй.
10.3. Сумын Засаг даргын Тамгын газар нь сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, статистикийн мэдээллийн дагуу боловсруулж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж аймгийн Засаг даргын Тамгын газарт журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.
10.4. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга, сумын Засаг дарга өөрийн эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт байгууллага, багийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
10.5. Нутгийн захиргааны байгууллага нь хэрэглэгчийн үнэлгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан ерөнхий удирдамжийн дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ.
10.6. Хэрэглэгчийн үнэлгээг гаргахдаа захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хөндлөнгийн байгууллагаар тухайн сумын насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана.
10.7. Хэрэглэгчийн үнэлгээг хийх хөндлөнгийн байгууллагыг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзан сонгон шалгаруулна. Хөндлөнгийн байгууллагыг сонгох үйл ажиллагааг тухайн үнэлгээ хийлгэх байгууллага зохион байгуулна.
10.8. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс гаргасан шударга байдлын түвшингийн үнэлгээ нь захиргааны байгууллагын үнэлгээний нэг үзүүлэлт болно. Нутгийн захиргааны байгууллагууд аймгийн авлигын эсрэг стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж, нэгжийн төлөвлөгөөг жил бүр боловсруулан, биелэлтийг ханган ажиллана.
10.9. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ нь нутгийн захиргааны байгууллагын жилийн үйл ажиллагааны үнэлгээний нэг үзүүлэлт болно. Үнэлгээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас өгсөн үнэлгээг харгалзана.
10.10. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн тайланг аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдэд хүргүүлж, бодлогын хэлтэс тайланг нэгтгэн боловсруулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлнэ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж харъяа төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
10.11. Хүний нөөцийг чадавхжуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлтийн үнэлгээг энэхүү журмын 10 дугаар хавсралтын дагуу гаргаж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлнэ.
10.12. Нутгийн захиргааны байгууллага нь байгууллагын ил тод байдлын үнэлгээг энэхүү журмын 11 дүгээр хавсралтын дагуу гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.
10.13. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг дараах хэлбэрээр хийнэ.
а. Нутгийн захиргааны байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны тайланд суурилж хийх;
б. Тухайн сум, байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээний баг очиж ажиллах;
10.14. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь нутгийн захиргааны байгууллагад явцын болон иж бүрэн хяналт-шинжилгээ, үнэлгээг тусгай батлагдсан удирдамжийн дагуу хийнэ.
10.15. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын жилийн үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
АРВАН НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
11.1. Жилийн үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан тав хүртлэх суманд тус бүр 3.0 сая хүртэл төгрөг, аймгийн Засаг даргын дэргэдэх 3 агентлагт тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.
11.2. Энэхүү журмын 11.1-д заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөвт тусган жил бүр батлуулна.
11.3. Нутгийн захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
11.3.1. Нутгийн захиргааны байгууллагын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа, дутагдлыг засах;
11.3.2. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;
11.3.3. Харьяалах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
11.4. Хяналт шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гажуудлыг засах болон шаардлагатай бусад арга хэмжээг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.
АРВАН ХОЁР. ХАРИУЦЛАГА
12.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан нутгийн захиргааны байгууллагын даргыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах.
12.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэнэ:
12.2.1. энэхүү журмын 3 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;
12.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмж, дүгнэлтийг биелүүлээгүй;
12.2.3. Энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан тайлан, мэдээний дүнг сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн даргад танилцуулж, баталгаажуулаагүй;
---o0o---