Аймгийн Засаг даргын 2017 оны А/274 тоот захирамж
ЗАВХАН АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны ... сарын ... өдөр, Дугаар А/274, Улиастай
Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлж дүгнэх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмаар Хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид “бодлогын баримт бичиг” гэх), Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэр (цаашид “хууль тогтоомж, тогтоол, шийдвэр” гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага (цаашид “захиргааны байгууллага” гэх) төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО
2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 89 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөө, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулах, иргэдийн оролцоо, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэхэд оршино.
ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛТ
3.1. Захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж нь энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.
3.1.1. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, тэдгээрийн урт, дунд, богино хугацааны зорилт нь төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэхэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, үр нөлөөг тооцох;
3.1.2. Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийж үр дүнг үнэлж, үр нөлөөг сайжруулах;
3.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүнг үндэслэн аймгийн Засаг дарга болон Тамгын газраас дүгнэлт, зөвлөмж, бодлогын дэмжлэг үзүүлэх;
3.1.4. Захиргааны бүх шатны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний бодлогыг тодорхойлж, тогтолцоог бэхжүүлэх, удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах;
ДӨРӨВ. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
4.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар хэрэглэнэ:
4.1.1. “хяналт-шинжилгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх тасралтгүй үйл ажиллагааг;
4.1.2. “үнэлгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн зорилго, зорилтын хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг;
4.1.3. “үр дүнд суурилсан явцын үнэлгээ” гэж хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
4.1.4. “үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ” гэж бодлогын баримт бичиг хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эсхүл зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
4.1.5. “хөндлөнгийн үнэлгээ” гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, судлаач, үнэлгээчдийн хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг;
4.1.6. “хэрэглэгчийн үнэлгээ” гэж захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг хөндлөнгийн болон боловсруулсан аргачлалын дагуу хийсэн дүнг;
4.1.7. “шалгуур үзүүлэлт” гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;
4.1.8. “суурь үзүүлэлт” гэж үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг, хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;
4.1.9. “зорилтот түвшин” гэж тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;
ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ
5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална.
5.1.1. Шударга, хараат бус байх
5.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх
5.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх
5.1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх
5.1.5. Хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх
5.1.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх
5.1.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх
5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана.
5.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна.
Монгол Улсын хууль
Улсын Их Хурлын тогтоол;
Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол
Ерөнхийлөгчийн зарлиг;
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
Засгийн газрын тогтоол;
Ерөнхий сайдын захирамж;
Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;
Засгийн газрын албан даалгавар
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоол шийдвэр
Аймаг, сумын Засаг даргаас орон нутагт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан захирамж, албан даалгавар
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймгийн Засаг даргаас гадаад, дотоодын бусад хуулийн этгээдтэй байгуулсан, хоёр тал харилцан үүрэг хүлээсэн гэрээ
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр
5.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;
Төрөөс баримтлах бодлого;
Бүсчилсэн хөгжлийн бодлого;
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
Үндэсний хөтөлбөр;
Аймаг, сумыг хөгжүүлэх хэтийн зорилт;
Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
5.2.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:
Энэхүү журмын 5.2.1, 5.2.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт;
Ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
Шилэн дансны хөтлөлт;
Шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
Аймгийн Засаг даргаас сум, хэлтэс, агентлагийн дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
Хүний нөөцийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
Хэрэглэгчийн /иргэдийн/ үнэлгээний тайлан;
Иргэдийн санал өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан;
Төрийн албаны стандартын хэрэгжилт, архив, албан хэрэг хөтлөлт;
Шинэ санал, санаачлага боловсруулан хэрэгжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлсэн байдал (хавсралтаар);
Цаг хугацаа, чанарын үзүүлэлт (хавсралтаар);
ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
6.1. Энэхүү журмаар бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мөн сум, баг, байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэнэ.
6.2. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх ажлыг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.
6.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, мэдээлэх үүргийг сумдын Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын дарга нар хариуцна. Мөн тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актын биелэлтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлан мэдээг холбогдох салбар яам, аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
6.4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд нь хариуцсан салбарынхаа бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг хангуулан, тайланг нэгтгэн боловсруулж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст 1 дүгээр хавсралтын дагуу хугацаанд нь хүргүүлнэ.
6.5. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмж, арга зүйгээр ханган, тайлан, дүн мэдээг аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт гаргуулж ЗГХЭГ-т хугацаанд нь хүргүүлнэ.
6.6. Захиргааны байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгж нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.6.1. Байгууллагын зорилт, үйл ажиллагааны суурь үзүүлэлт болон зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг боловсруулж, батлах
6.6.2. Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон бусад холбогдох байгууллагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр цаг хугацаанд нь шуурхай хангах;
6.6.3. Байгууллагын өөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хагас бүтэн, жилд хийж хэрэгжүүлэх;
6.7 Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна. Тухайн ажилтан нь:
6.7.1. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
6.7.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;
6.7.3. баримт бичиг, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байна.
6.8. Төрийн албан хаагч нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланд тусгагдсан үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.
ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
7.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах эрхтэй байна.
7.1.1. байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;
7.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
7.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;
7.1.4. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх;
7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах үүрэгтэй байна:
7.2.1. хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
7.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;
7.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;
7.2.4. мэргэжил, мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэн хөгжүүлэх;
НАЙМ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ, АРГА ЗҮЙ
8.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт, төрөл:
8.1.1. Захиргааны байгууллага нь жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлнэ. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана.
8.1.2. Захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааран үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийнэ.
8.1.3. Хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
8.1.4. Захиргааны байгууллага нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.1-д заасны дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.
8.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:.
8.2.1. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно.
“үр дүнтэй” - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
“тодорхой үр дүнд хүрсэн” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);
“эрчимжүүлэх шаардлагатай” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);
“үр дүнгүй” - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);
“үнэлэх боломжгүй” - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол
8.2.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно.
“бүрэн хэрэгжсэн” - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
“хэрэгжих шатанд” - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);
“хэрэгжилт хангалтгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);
“хэрэгжээгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);
”хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.
8.3. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ (1).
B - бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүн;
X - арга хэмжээ, зүйл заалтын хүрсэн түвшин;
Z - арга хэмжээ, зүйл заалтын зорилтот түвшин;
n - арга хэмжээ, зүйл заалтын тоо;
i - үзүүлэлтийн дугаар;
n
B=1/n ∑ (Xi/ZI)*100% (1) i-1
8.4. Сум, байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ (2).
Е - ерөнхий үнэлгээ;
α - бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;
β - байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;
γ - байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;
n - бодлогын баримт бичгийн тоо;
m - байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн тоо;
k - байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтийн тоо;
i - үзүүлэлтийн дугаар;
n m k
E=0.05*[(1/n ∑ (αi))*0.6+(1/m∑ = (βi))*0.2+(1/k∑=(γi)*0.2] 2)
n=1 i=1 i
8.5. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.
8.6. Аймгийн Засаг даргаас сайд, сум, байгууллагын даргатай байгуулсан гэрээний үүргийн, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын, байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааний биелэлтийг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.
ЕС. БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ, ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
9.1. Бодлогын баримт бичигт хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ:
9.1.1. Захиргааны байгууллага нь бодлогын баримт бичигт тодорхойлсон төлөвлөгөөний дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж журмын 1-р хавсралтанд заасан хугацаанд холбогдох хэлтэст хүргүүлнэ. Бодлогын баримт бичигт үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн, урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.
9.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлнэ.
9.1.3. Захиргааны байгууллага нь тухайн салбарын төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж тайланг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
9.1.4. Захиргааны байгууллага нь бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж тайланг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
9.1.5. Захиргааны байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад эрхлэх асуудлынхаа хүрээнд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг аймгийн Засаг даргын Тамгын газар хүргүүлнэ.
9.1.6. Захиргааны байгууллага нь үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, тайланг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
9.1.7. Захиргааны байгууллага нь аймгийг хөгжүүлэх хэтийн зорилтын хэрэгжилтийн явцад хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж тайланг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
9.1.8. Захиргааны байгууллага нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явцад хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж тайланг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
9.1.9. Захиргааны байгууллага нь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд өөрийн байгууллагатай холбоотой тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
9.1.10. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сумын Засаг даргын зөвлөлийн хурал, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, хэрэгжилтийг шийдвэрийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
9.2. Захиргааны байгууллага нь урт болон дунд хугацаанд хэрэгжих бодлогын баримт бичгийн хугацаа дуусмагц эцсийн үнэлгээ болон бодлогын баримт бичгийн үр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэж дүнг журмын 13 дугаар хавсралтын дагуу гарган аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
9.2. Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ:
9.2.1. Захиргааны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэгжилтийг салбар, чиглэлээр ангилан энэхүү журмын 5 дугаар хавсралтын дагуу гаргаж тайланг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.
9.2.2. Захиргааны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж дүнг агентлаг, сумын Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг тайлангийн хамт Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэст хүргүүлнэ.
9.2.3. Захиргааны байгууллага бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон сүүлийн 3 жил тасарсан болон тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн заалтыг хүчингүй болгох, хяналтаас хасах тухай саналыг жилийн эцсийн тайлангийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлнэ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс уг асуудлыг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулсны үндсэн дээр холбогдох шийдвэрийг гаргуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
9.2.4. Шаардлагатай гэж үзвэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
АРАВ. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙХ
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
10.1. Сумдын Засаг даргын Тамгын газар, хэлтэс агентлаг нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэхүү журмын 10, 11 дүгээр хавсралтын дагуу гаргаж, тайланг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ирүүлнэ.
10.2. Сум, байгууллага нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн үзүүлэлтийг тооцож, биелэлтийг хангаж, тайлагнана.
10.3. Сум, байгууллага нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймгийн Засаг даргын баталсан ерөнхий удирдамжийн дагуу хэрэглэгчийн үнэлгээг хийнэ. Холбогдох зардлыг тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
10.4. Хэрэглэгчийн үнэлгээг захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар сумын насанд хүрсэн иргэдийн 20 хүртэлх хувийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана.
10.5. Шударга байдлын түвшингийн үнэлгээ нь захиргааны байгууллагын үнэлгээний нэг үзүүлэлт болно.
10.6. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээг Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нэгтгэн дүгнэж, дүн мэдээг 1-р хавсралтын дагуу гаргана. Биелэлтийг төсвийн захирагч, санхүүгийн албаны дарга нар хангуулж, нягтлан бодогч хариуцна.
10.7. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс нь сум, байгууллагуудын жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
10.8. Шинэ санал, санаачлага боловсруулан хэрэгжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлсэн байдлыг тусгайлан боловсруулсан журмын дагуу үнэлж дүгнэнэ.
10.9. Цаг хугацааны, чанарын үзүүлэлтийг:
10.9.1. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг хугацаанаас нь өмнө чанартай, үр дүнтэй хэрэгжүүлсэн,
10.9.2. Тайлан мэдээний график болон удирдлагаас өгсөн хугацаат үүрэг даалгавар, албан бичгийн хариуг цаг хугацаанд нь үнэн зөв, бодитой тайлагнасан зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэнэ.
АРВАН НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН
11.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, тайлан илгээх, хүлээн авах, мэдээллийн урсгалыг удирдах, хянах, хадгалах, ашиглах, түгээхэд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (цаашид “цахим сан” гэх)-г ашиглана.
11.2. Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санг ашиглах зааврыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар баталж, захиргааны байгууллагыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.
11.3. Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, хэлтсийн дарга болон холбогдох албан тушаалтан нь өөрийн эрхээр нэвтэрч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг оруулна.
11.4. Хэрэгжилтийн тайланг цахим санд оруулахдаа тухайн зорилт, арга хэмжээ, заалтын хүрсэн үр дүнг хоёр мянган тэмдэгтэд багтаах бөгөөд шаардлагатай бол нотлох баримтыг файлаар хавсаргаж болно.
11.5. Цахим санд мэдээлэл оруулж байгаа байгууллага, албан хаагч мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна.
11.6. Цахим сангийн ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтэд зориулагдсан нээлттэй хэсэгтэй байна.
АРВАН ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
12.1. Жилийн үйл ажиллагааны үр дүнгээр шалгарсан сум, баг, байгууллагыг дор дурдсанаар шагнаж урамшуулна. Мөн тэргүүнээр шалгарсан сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, баг, байгууллагын дарга тус бүрт 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно.
Сум:
1 дүгээр байр: Өргөмжлөл 1000.0 /нэг сая төгрөг/
2 дугаар байр: Өргөмжлөл 800.0 /найман зуун мянган төгрөг/
3 дугаар байр: Өргөмжлөл: 500.0 /таван зуун мянган төгрөг/
Баг:
1 дүгээр байр: Өргөмжлөл 500.0 /таван зуун мянган төгрөг/
2 дугаар байр: Өргөмжлөл 300.0 /гурван зуун мянган төгрөг/
3 дугаар байр: Өргөмжлөл 200.0 /хоёр зуун мянган төгрөг/
Байгууллага:
1 дүгээр байр: Өргөмжлөл 800.0 /найман зуун мянган төгрөг/
2 дугаар байр: Өргөмжлөл: 500.0 /таван зуун мянган төгрөг
3 дугаар байр: Өргөмжлөл 300.0 /гурван зуун мянган төгрөг/
12.2. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
12.2.1. Сум, байгууллагуудын үйл ажиллагааны үнэлгээний дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод мэдээлэх; тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаа дутагдлыг засах,
12.2.2. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;
12.2.3. Харьяалах захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;
12.3. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээг холбогдох газар дээр нь хийхэд, эрдэмтэн, судлаачдыг үнэлгээ хийхэд татан оролцуулах, хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном, товхимол, гарын авлага хэвлүүлэх зэрэг зардлыг байгууллагын төсөвт жил бүр тусган батлуулж, хэрэгжүүлнэ.
12.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.
АРВАН ГУРАВ. ХАРИУЦЛАГА
13.1. Үйл ажиллагааны үр дүнгээр сүүлийн байранд орсон 3 сумын Засаг дарга, 3 байгууллагын даргын мэдээллийг Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн холбогдох арга хэмжээг авна.
13.2. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан сум, байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах
13.3. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
13.3.1 Энэхүү журмын 5 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;
13.3.2. Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;
13.3.3. Тайлан мэдээг хугацаанд нь гаргаж ирүүлээгүй, удаа дараа шаардуулсан, чанаргүй мэдээлсэн, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг сумын Засаг даргын зөвлөл, хэлтэс, агентлагийн даргын хурлаар хэлэлцүүлээгүй тохиолдолд;
---ooo---