Аймгийн Засаг даргын 2017 оны А/395 тоот захирамж
ТӨВ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны 06 сарын 30-ны өдөр, дугаар А/395, Зуунмод
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "Хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2011 оны 281 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
3. Журмын хэрэгжилтийг хангах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /Ч.Жавзанпагма/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, сумдын үйл ажиллагаа, Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэр, бодлогын баримт бичиг, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, нутгийн удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны болон, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.
ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛТ
2.1. Хэлтэс, агентлаг, байгууллага, сумдын үндсэн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх
2.2. Бодлогын зорилтууд, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргаас батлан хэрэгжүүлж буй хөтөлбөр, аймгийн дэд хөтөлбөр нь хүлээж байгаа үр дүнд хүрч хэрэгжиж байгаа эсэхийг тогтоох
2.3. Бодлогын зорилт зохих түвшинд хүрч хэрэгжээгүй буюу гажуудал гарсан бол өөрчлөн залруулах чиглэл, арга хэмжээг тодорхойлох, шаардлагатай бол бодлогын шинэ зорилтыг тодорхойлж Засаг дарга, Засаг даргын зөвлөлд танилцуулах
2.4. Шийдвэр гаргах үйл ажиллагааг бодлогын хувилбар, санал, дүгнэлт, зөвлөмжөөр дэмжихэд чиглэгдэнэ.
ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ
3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:
3.1.1. шударга, хараат бус байх;
3.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;
3.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
3.1.4. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;
3.1.5. хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;
3.1.6. хяналт-шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;
3.1.7. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.
3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана:
3.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:
3.2.1.1. Монгол Улсын хууль;
3.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;
3.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
3.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;
3.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
3.2.1.6. Засгийн газрын тогтоол;
3.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;
3.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;
3.2.1.9. Засгийн газрын албан даалгавар.
3.2.1.10. Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол, тэмдэглэл
3.2.1.11. Аймгийн Засаг даргын захирамж
3.2.1.12. Аймгийн Засаг даргын албан даалгавар, Засаг даргын зөвлөлөөс өгсөн үүрэг
3.2.1.13. Урианы жилийн ажил
3.2.1.14. Бүх төрлийн төлөвлөгөө
3.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
3.2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030;
3.2.2.2. Төрөөс баримтлах бодлого;
3.2.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;
3.2.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;
3.2.2.6. Үндэсний хөтөлбөр;
3.2.2.7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.2.8. Аймаг хөгжүүлэх хэтийн зорилт;
3.2.2.9. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2.10. Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.2.11. дэд хөтөлбөр, тусгайлан гаргасан бодлого, хөтөлбөр,
3.2.2.12. гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.
3.2.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:
3.2.3.1. Энэхүү журмын 3.2.1, 3.2.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.2.3.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
3.2.3.3. Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээ, төсвийн шууд захирагч болон менежерийн үр дүнгийн гэрээ, сумдын Засаг даргын гэрээний үүргийн хэрэгжилт
3.2.3.4. гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт
3.2.3.5. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.
3.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамрагдах захиргааны байгууллагад аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтэс, алба, штаб, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, сумдын ЗДТГ болон төсөвт байгууллагууд хамаарна.
3.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хэлтэс, агентлаг, байгууллага, сумдын тухайн жилийн үйл ажиллагааны явц, эсвэл бодлогын тодорхой чиглэлээр тусгай удирдамжийн дагуу хийнэ.
3.5. Тухайн жилд аймгийн ИТХ, ИТХТ-ийн болон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн үнэлэгдсэн бодлого, хөтөлбөрийн дүнг тус үнэлгээгээр нь байгууллага дүгнэх үзүүлэлт, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээнд оруулна.
ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4.1. Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.
4.2. Төрийн захиргааны байгууллагад дарга, тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжид дарга (захирал) нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.
4.3. Төрийн албан хаагч бүр бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.
ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН
АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах эрхтэй байна:
5.1.1. байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;
5.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
5.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;
5.1.4. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.
5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах үүрэгтэй байна:
5.2.1. хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
5.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;
5.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;
5.2.4. мэргэжил, мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэн хөгжүүлэх.
ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ, АРГА ЗҮЙ
6.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт, төрөл:
6.1.1. Жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг батлах бөгөөд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана.
6.1.2. Үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана.
6.1.3. Хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:
6.2.1. бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
6.2.1.1. “үр дүнтэй” - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
6.2.1.2. “тодорхой үр дүнд хүрсэн” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);
6.2.1.3. “эрчимжүүлэх шаардлагатай” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);
6.2.1.4. “үр дүнгүй” - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);
6.2.1.5. “үнэлэх боломжгүй” - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.
6.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
6.3.1. “бүрэн хэрэгжсэн”-холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
6.3.2. “хэрэгжих шатанд”-тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);
6.3.3. “хэрэгжилт хангалтгүй”-тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);
6.3.4. “хэрэгжээгүй”-тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);
6.3.5. ”хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.
6.4. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно.
6.5. Хэлтэс, агентлаг, байгууллага, сумдын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ.
6.6. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.
6.7. Аймгийн Засаг даргаас сумдын Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлтийг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээ тооцдог аргачлалыг баримтална.
ДОЛОО. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
7.1. Бодлогын баримт бичигт үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.
7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлнэ.
7.3. Шаардлагатай тохиолдолд харьяалах дээд шатны байгууллага нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авна.
7.4. Энэхүү журмын 3.2.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн тайланг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.
НАЙМ. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
8.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэгжилтийг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.
8.2. Орон нутгийн төсөвт байгууллага болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд хэрэгжилтэд нь холбогдох бодлогын хэлтсүүд хяналт тавьж тайлагнана.
8.3. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланг нэгтгэж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр ХШҮ хийж аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг захиргааны байгууллага мөрдөж ажиллана.
8.4. Шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээ авна.
ЕС. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
9.1. Аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтэс, Цэргийн штаб, Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, харьяа байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг энэхүү журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу гаргаж, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст нэгтгүүлэн мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлнэ. Тайлан нь дараах хавсралттай байна:
9.1.1. Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, штаб:
9.1.1.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
9.1.1.2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
9.1.1.3. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт;
9.1.1.4. Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
9.1.1.5. Урианы жилийн ажлын биелэлт;
9.1.1.6. Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоолын хэрэгжилт;
9.1.1.7. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт;
9.1.1.8. Аймгийн Засаг даргатай салбарын сайдын байгуулсан гэрээний хэрэгжилт;
9.1.1.9. Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт.
9.1.2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага:
9.1.2.1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
9.1.2.2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
9.1.2.3. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт
9.1.2.4. Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилт
9.1.2.5. Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт
9.1.2.6. Урианы жилийн ажлын биелэлт
9.1.2.7. Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоолын хэрэгжилт
9.1.2.8. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт
9.1.2.9. Аймгийн Засаг даргатай салбарын сайдын байгуулсан гэрээний хэрэгжилт
9.1.2.10. Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлт
9.1.2.11. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт
9.1.3. Сумын Засаг даргын Тамгын газар:
9.1.3.1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
9.1.3.2. Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт
9.1.3.3. Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт /тухайн суманд хамааралтай/
9.1.3.4. Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоолын хэрэгжилт /тухайн суманд хамааралтай/
9.1.3.5. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт /тухайн суманд хамааралтай/
9.1.3.6. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт
9.1.3.7. Урианы жилийн ажлын биелэлт
9.1.3.8. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт
9.2. Аймгийн Засаг дарга өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, улсын төсөвт байгууллага, сумын Засаг даргын Тамгын газар, сумын төсөвт байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
9.3. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээг Санхүүгийн хэлтэс, аудитын алба гаргаж, аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-т 7 дугаар сарын 1, 12 дугаар сарын 25 -ны дотор хүргүүлнэ. Уг үнэлгээ нь байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний нэг үзүүлэлт болно.
9.4. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг гаргаж журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ХШҮДАХ-т хүргүүлнэ.
9.5. Урианы жилийн ажлын биелэлтийг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ХШҮДАХ-т хүргүүлнэ.
9.6. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө нь аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн ажлын хэсгийн тэмдэглэлээр өгсөн үүрэг болон гарсан зөрчил, дутагдлыг сайжруулахаар гаргасан төлөвлөгөө байх бөгөөд ХШҮДАХ-т мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.
9.7. Төсвийн гүйцэтгэлийг татварын 3 шатны орлогын биелэлт, төсвийн өр, авлагын талаар Татварын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс тайлан мэдээнд тулгуурлан дүгнэлт гаргаж ХШҮДАХ-т 1 сарын 10-ны дотор ирүүлнэ.
9.8. Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ нь хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, сумдын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
АРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
10.1. Жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр 90-ээс дээш хамгийн өндөр оноо авсан нэг хэлтэс, гурван агентлаг, байгууллага, гурван сумыг 300.0-2000.0 мянга хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олгож болох бөгөөд өмнөх жилээс ажлын үзүүлэлт сайжирсан “В”-ээс дээш үнэлгээтэй тус бүр 2 сум, хэлтэс, агентлаг, байгууллагад батламж гардуулна.
10.2. Сумдын үйл ажиллагааг журмын 4 дүгээр хавсралтын дагуу дараа оны 1 сарын 30-ны дотор, хэлтэс, агентлаг, байгууллагын үйл ажиллагааг журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу 7 сарын 1, 12 сарын 30-ны дотор дүгнэж, урамшууллыг жилийн эцсийн үнэлгээг харгалзан олгоно.
10.3. Энэхүү журмын 10.1-д заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гарган санхүүжүүлнэ.
10.4. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
10.4.1. хэлтэс, агентлаг, сумдын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа, дутагдлыг засах;
10.4.2. захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;
10.4.3. харьяалах захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;
10.5. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээг газар дээр нь хийх, хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном, товхимол, гарын авлага хэвлүүлэх зэрэг зардлыг өөрийн байгууллагын төсөвт жил бүр тусган батлуулна.
10.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.
10.7. Хэлтэс, агентлаг, байгууллага, сумдыг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:
90.00% - аас дээш “А” - “ҮР ДҮНТЭЙ”
70.00% - 89.99% хүртэл “В” - “ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН”
51.00% - 69.99% хүртэл “С” - “ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ”
31.00% - 50.99% хүртэл “D” - “ҮР ДҮНГҮЙ”
0.00% - 30.99% хүртэл “F” - “ХАНГАЛТГҮЙ”
АРВАН НЭГ. ХАРИУЦЛАГА
11.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан сумын Засаг даргын Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах.
11.2. Тухайн жилдээ ажлын үзүүлэлтээр “Эрчимжүүлэх шаардлагатай”, “Үр дүнгүй” үнэлгээ авсан хэлтэс, агентлагийн дарга, сумдын Засаг даргын мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
11.3. Дөрвөн улирал дараалан үнэлгээ буурсан, 50%-аас доош үнэлгээ авсан сум, хэлтэс, агентлаг, байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.
11.4. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:
11.4.1 энэхүү журмын 3 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;
11.4.2. ажлын үнэлгээтэй холбогдуулан өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй, гаргасан зөрчил, дутагдлаа дахин давтсан;
11.4.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг сумын Засаг даргын зөвлөл, агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй.
_____оОо____