Аймгийн Засаг даргын 2017 оны А/281 тоот захирамж
УВС АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2017 оны 06 сарын 12-ны өдөр, дугаар А/281, Улаангом
БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ,
СУМ, АГЕНТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 "а", 29.2, 29.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, сум, агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" аймгийн Засаг даргын 2013 оны 703 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
3. Аргачлалыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /С.Батжаргал/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН
Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, сум, агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү аргачлалыг аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд болон аймгийн ИТХ, Засаг даргаас гаргасан бодлогын баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлэхэд мөрдөнө.
1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн болон орон нутгийн бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагааны гүйцэтгэл, хэрэгжилтийг сайжруулж үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөржүүлэхэд оршино.
1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэр томьёо, зарчим, хамрах хүрээ, үнэлгээний төрөл, арга зүйг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан журамд зааснаар хэрэглэнэ.
ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажилтантай байна. Тухайн ажилтан нь:
- хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;
- баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байна.
2.2. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.
2.3. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.
2.4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэж, Хяналт- шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн хэлтэс хяналт- шинжилгээ, үнэлгээ хийнэ.
2.5. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөний дагуу бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмж, арга зүйгээр ханган, тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн тайлан, дүн мэдээг Засаг даргын зөвлөл, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн ЗГХЭГ-т хүргүүлнэ.
2.6. Сум, агентлаг нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.6.1. Байгууллагынхаа зорилт, үйл ажиллагааны суурь болон шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг төлөвлөн баталж, хэрэгжүүлж ажиллах;
2.6.2. Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон бусад холбогдох байгууллагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
2.6.3. Байгууллагын өөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийх.
ГУРАВ. БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ, ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
3.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, мэдээлэх үүргийг бүх шатны Засаг дарга, агентлагийн дарга, улсын төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга (захирал) хариуцна.
3.2. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, дүгнүүлсэн байна.
3.3. Улсын төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актын биелэлтийг зохион байгуулж, хэрэгжүүлж, тайлан мэдээг холбогдох салбарын яам, агентлагт хүргүүлнэ.
3.4. Сумын Засаг дарга, агентлагийн дарга нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг уг журмын хавсралтаар гаргана.
- Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг журмын 2 дугаар;
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 3 дугаар;
- Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг 4 дугаар;
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг 5 дугаар;
- Агентлагийн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг 6 дугаар;
- Сумын Засаг даргын Тамгын газрын жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг 7 дугаар;
- Хүний нөөцийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг 8 дугаар;
- Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг 9 дүгээр хавсралтын дагуу тус тус гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
3.5. Бодлогын баримт бичигт үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.
3.6. Аймгийн ЗДТГ-т ирүүлэх бодлогын баримт бичгүүдийн тайлан мэдээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтод түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдэд хүргэх санал, дүгнэлтийг тусгаж, сумын Засаг дарга, агентлагийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
3.7. Шаардлагатай тохиолдолд харьяалах дээд шатны байгууллага нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авна.
3.8. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
3.8.1 “үр дүнтэй” - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
3.8.2. “тодорхой үр дүнд хүрсэн” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);
3.8.3. “эрчимжүүлэх шаардлагатай” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);
3.8.4. “үр дүнгүй” - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);
3.8.5. “үнэлэх боломжгүй” - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.
3.9. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:
3.9.1. “бүрэн хэрэгжсэн” - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
3.9.2. “хэрэгжих шатанд” - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);
3.9.3. “хэрэгжилт хангалтгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);
3.9.4. “хэрэгжээгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);
3.9.5. ”хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.
3.10. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ (1).
B - бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүн;
X - арга хэмжээ, зүйл заалтын хүрсэн түвшин;
Z - арга хэмжээ, зүйл заалтын зорилтот түвшин;
n - арга хэмжээ, зүйл заалтын тоо;
i - үзүүлэлтийн дугаар;
B = 1/n Σ_(i=1)^n▒〖(X_i/Z_i )*〗 100% (1)
ДӨРӨВ. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
4.1. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
4.2. Захиргааны байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэхүү журмын 7, 8 дугаар хавсралтын дагуу гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газарт энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ирүүлнэ.
4.3. Агентлагийн тухайн жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан нь дараах хавсралттай байна.
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
- Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт;
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
- Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн биелэлт;
- Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр;
- Аймгийн ИТХ, ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
- Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт;
- Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ;
- Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;
- Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
- Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;
- Хүний нөөцийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;
- Иргэдийн санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан;
- Төрийн албаны стандарт, албан хэрэг хөтлөлт, архив;
- Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;
- Байгууллагын шударга байдлын үнэлгээ;
- Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ;
- Хэрэглэгчийн үнэлгээний тайлан.
4.4. Сумын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан нь дараах хавсралттай байна.
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
- Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
- Сумын Засаг даргын "Батламж"-ийн хэрэгжилтийн тайлан;
- Аймгийн ИТХ, ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
- Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт;
- Орон нутгийн хөгжлийн сан, ЖДҮ-ийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийсэн ажлын хэрэгжилт;
- Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
- Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ;
- Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;
- Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;
- Хүний нөөцийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;
- Иргэдийн санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан;
- Төрийн албаны стандарт, албан хэрэг хөтлөлт, архив;
- Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ;
- Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;
- Байгууллагын шударга байдлын үнэлгээ;
- Хэрэглэгчийн үнэлгээний тайлан;
4.5. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар энэхүү журмын 2-6 дугаар хавсралтын дагуу холбогдох хэлтэс, газарт хүргүүлсэн тайланг байгууллагын үйл ажиллагааны жилийн тайлангийн хамт дахин ирүүлэх шаардлагагүй.
4.6. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ (2).
Е - ерөнхий үнэлгээ;
α - бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;
β - байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;
γ - байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;
n - бодлогын баримт бичгийн тоо;
m - байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн тоо;
k - байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтийн тоо;
i - үзүүлэлтийн дугаар;
E=0.05*[(1/n Σ_(i=1)^n▒(α_i ) )*0.6+(1/m Σ_(i=1)^m▒(β_i ) )*0.2+(1/k Σ_(i=1)^k▒(γ_i ) )*0.2] (2)
4.7. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.
4.8. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.
4.9. Захиргааны байгууллага нь хэрэглэгчийн үнэлгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан ерөнхий удирдамжийн дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ.
4.10. Хэрэглэгчийн үнэлгээг гаргахдаа захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хөндлөнгийн байгууллагаар аймаг, сумын насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана.
4.11. Хэрэглэгчийн үнэлгээг хийх хөндлөнгийн байгууллагыг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзан сонгон шалгаруулна. Хөндлөнгийн байгууллагыг сонгох үйл ажиллагааг тухайн үнэлгээ хийлгэх байгууллага зохион байгуулна.
4.12. Аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс гаргасан шударга байдлын түвшингийн үнэлгээ нь захиргааны байгууллагын үнэлгээний нэг үзүүлэлт болно.
4.13. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээг Санхүүгийн хяналт, аудитийн алба гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газарт 3 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ. Уг үнэлгээ нь захиргааны байгууллагын жилийн үйл ажиллагааны үнэлгээний нэг үзүүлэлт болно.
4.14. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн үнэлгээг аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс гаргаж харьяа яаманд 12 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ.
4.15. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийн үнэлгээг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
4.16. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар нь байгууллагын ил тод байдлын үнэлгээг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ирүүлнэ.
4.17. Аймгийн Засаг даргын Тамгын газар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулан хяналт-шинжилгээ, үнэлгээг газар дээр нь хийх, хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, ХШҮ-ний сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном, товхимол, гарын авлага хэвлүүлэх зэрэг зардлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргана.
ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ,
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ
5.1. Аймгийн Засаг даргын захирамжаар сум, агентлагийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулах бөгөөд энэхүү ажлын хэсгийн 20 хүртэлх хувийг мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдүүлж болно.
5.2. Ажлын хэсгийн ажиллах хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаанаас тэмдэглэл гарах бөгөөд уг тэмдэглэлд хуралдаанд оролцогчид, гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлын агуулга, асуудлыг хэлэлцсэн явц болон хуралдаанаас гаргасан шийдвэрийг тус тус тусган, хуралдаанд оролцсон гишүүдийн гарын үсгийг зурж баталгаажуулна;
5.3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХШҮДАХ нь ажлын хэсгийн хуралдааны товыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийн ахлагчийн товлосноор зарлах бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, ажлын хэсгийн гишүүдэд хуралдаан болох өдрөөс ажлын 2 хоногийн өмнө хүргүүлэх, хуралдааныг зохион байгуулах арга хэмжээг авна;
5.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийн хурлыг нийт гишүүдийн дийлэнх олонхи оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцож, ердийн олонхийн саналаар шийдвэр гаргана.
5.5. Ажлын хэсэг нь агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
5.6. Ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авч нэгдүгээр байр эзэлсэн сумыг 3.0 сая, хоёрдугаар байрыг 2.0 сая, гуравдугаар байрыг 1.0 сая төгрөгөөр, нэгдүгээр байр эзэлсэн агентлагийг 1.0 сая, хоёрдугаар байрыг 800.0 мянга, гуравдугаар байрыг 500.0 мянган төгрөгөөр шагнаж, мөнгөн шагналыг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргана.
ЗУРГАА. ХАРИУЦЛАГА
6.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан агентлагын дарга болон сумын Засаг даргын Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах.
6.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:
6.2.1. энэхүү журмын 3 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;
6.2.2. өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;
6.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, агентлагийн дарга танилцаж баталгаажуулаагүй.
---оОо---