Сайдын 2018 оны А/01 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
САЙДЫН ТУШААЛ

2018 оны 01 сарын 02-ны өдөр, дугаар А/01, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр, Үр дүнг тайлагнах хугацааг хоёрдугаар, яамны үйл ажиллагааны ерөнхий үнэлгээний шалгуур үзүүлэлтийг гуравдугаар, яамны дотоод нэгжийн үйл ажиллагааны үнэлгээний шалгуур үзүүлэлтийг дөрөвдүгээр, харьяа байгууллагуудын үйл ажиллагааны үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай. 

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /В.Жавзан/, яамны нэгж, харьяа байгууллагуудад танилцуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Х.Батжаргал/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ц.Цэнгэл/-д тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдсүгэй. 

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын "Журам батлах тухай" 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-97 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                  Н.ЦЭРЭНБАТ

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ /цаашид "ХШҮ" гэх/-ний зорилго нь салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлж, хариуцлагыг бэхжүүлснээр яамны нэгж, харьяа байгууллагын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахад оршино.

1.2. Энэхүү журам нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр /цаашид "бодлогын баримт бичиг" гэх/, Монгол Улсын хууль, Улсын Их хурлын тогтоол, Улсын Их хурлын Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын албан даалгавар (цаашид "хууль тогтоомж, тогтоол шийдвэр буюу холбогдох эрх зүйн акт" гэх)-ээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээ, өгөгдсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт болон яамны нэгж, харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнг үнэлж дүгнэхэд хамаарна.

1.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж нь энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулна.

1.4. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам", Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай", Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам", Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгзэр тогтоолоор батлагдсан "Төрийн албаны хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-ийг үнэлэх, дүгнэх журам" болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ,
ХАМРАХ ХҮРЭЭ, ЭРХ ҮҮРЭГ

2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зарчим:

2.1.1. Шударга, хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус байх;

2.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тайлан, дүгнэлт, зөвлөмж ил тод байх;

2.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь мэдээлэл, тоо баримт, судалгаанд үндэслэсэн, тухайн бодлого, хөтөлбөр, төслийн үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлсон, хэмжигдэхүйц, нотлогдохуйц байх;

2.1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээг тасралтгүй, тогтмол, тодорхой үе шаттай хэрэгжүүлдэг байх.

2.1.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох нэгж, харьяа байгууллага, албан тушаалтан хариуцах үүрэгтэй байх.

2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ:

2.2.1. Бодлогын баримт бичгээр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрхлэх асуудлын хүрээнд тусгагдсан арга хэмжээ;

2.2.2. Холбогдох эрх зүйн актаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрхлэх асуудлын хүрээнд тусгагдсан холбогдох заалтууд;

2.2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар, хэлтэс, болон харьяа байгууллага /цаашид "Яамны нэгж, түүний харьяа байгууллага" гэх/-ын зорилт, үйл ажиллагаа;

2.2.4. Яам, түүний харьяа байгууллага, нэгжийн дарга, албан хаагчдын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд удирдлага, нэгжийн менежерээс өгсөн үнэлгээ байна.

2.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтны эрх, үүрэг

2.3.1.  Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах эрхтэй байна:

2.3.1.1. байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах, хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;

2.3.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;

2.3.1.3. хууль, тоггоомжоор олгогдсон бусад эрх.

2.3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах үүрэгтэй байна:

2.3.2.1. хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;

2.3.2.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;

2.3.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1. Салбарын холбогдох бодлогын баримт бичиг болон эрх зүйн актад тусгагдсан дунд болон урт хугацааны зорилт нь төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээг жилд 2 удаа хийж, тайланг тухай бүр Сайдын зөвлөлийн хуралд танилцуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн сан /www.unelgee.gov.mn/-д байршуулж баталгаажуулна.

3.2. Бодлогын баримт бичгийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээгээр тогтоогдсон нөхцөл байдал, холбогдох тоо баримт, зөвлөмжийг тусгах бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга хянан гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

3.3. Хяналт-шинжилгээ.үнэлгээний жилийн эцсийн тайлан нь дараах хавсралттай байна:

3.3.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;

3.3.2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

3.3.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэр / Монгол Улсын хууль; Улсын Их Хурлын тогтоол; Улсын Их Хурлын Байнгын хорооны тоггоол; Ерөнхийлөгчийн зарлиг; Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр; Засгийн газрын тогтоол; Ерөнхий сайдын захирамж; Засгийн газрын хуралдааны тэмдэглэл; Засгийн газрын албан даалгавар /-ийн хэрэгжилт;

3.3.4. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийн хэрэгжилт;

3.3.5. Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт;

3.3.6. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт;

3.3.7. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилт;

3.3.8. Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрийн биелэлт;

3.3.9. Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилт;

3.3.10. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

3.3.11. тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт;

3.3.12.Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;

3.3.13. Байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ буюу ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт;

3.3.14. шилэн дансны хөтлөлтийн хэрэгжилт;

3.3.15. шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.3.16. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.

3.4. Яам, түүний харьяа байгууллагын бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам" болон энэхүү журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

3.5. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тоггоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх, дүгнэх журам"-ын дагуу үнэлж дүгнэнэ.

3.6. Яам, түүний харьяа байгууллагын хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй албан хаагчийн үйл ажиллагааны биелэлтийг ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд дүгнэнэ.

3.7. Яамны нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтэд хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүн, тайланг Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

3.8. Яам, түүний харьяа байгууллагуудын төсвийн шууд захирагч нарын үйл ажиллагааны төлөвлөгөөний тайлан, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг Сайдад танилцуулна.

3.9. Орон нутагт ажиллаж байгаа босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагчтай шууд харьяалагдах төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэх ба төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх олгосны дагуу яамны асуудал эрхэлсэн нэгжийн дарга төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээний биелэлтийг нэгтгэн дүгнэнэ.

3.10. Төрийн захиргааны удирдлагын газар нь яамны мэгж, харьяа байгууллагын бодлогын баримт бичгийн биелэлт, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлт, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тус тус эцэслэн нэгтгэн боловсруулж, Засгийн газраас ирүүлсэн маягтын дагуу журмын 2 дугаар хавсралтад заасан хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжид ирүүлнэ.

3.11. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж нь бодлогын баримт бичгийн биелэлт, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ биелэлт, хөдөлмөрийн гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

3.12. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг яамны дотоод сүлжээ болон цахим хуудаст байршуулж, мэдээллээр хангана.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

4.1. Тайланг боловсруулахдаа тухайн үйл ажиллагаа зорилтот түвшинд хүрсэн байдал, тоо баримт, чанарын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны өөрчлөлтийн талаар хүснэгт, график, үндэслэл, санал дүгнэлтийг дэлгэрэнгуй тусгана. Шаардлагатай бол зураг, дүрс бичлэг, ном, сэтгүүл зэргийг хавсаргана. Хэрэв тухайн нэгж, байгууллагаас үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааг шийдвэрлээгүй, шийдвэрлэх боломжгүй бол түүний шалтгаан нөхцөлийг тодорхой тусгана.

4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээг гүйцэтгэлийн бодит үр дүнг төлөвлөсөн зорилт, төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтэд хүрсэн эсэхтэй харьцуулан холбогдох баримт бичгийг судлах, асуудал хариуцсан мэргэжилтэнтэй ярилцах, санал асуулга явуулах, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгах, нотлох баримтаар баталгаажуулах зэрэг дүн шинжилгээний аргуудыг ашиглан дүгнэнэ.

4.3. Бодлогын зорилтын хэрэгжилтийн түвшнийг тодорхойлохдоо тавьсан зорилтын гүйцэтгэл тогтоох шалгуур үзүүлэлтийн үр дүнг (Г) хүрэх түвшин буюу тавьсан зорилтод (З) харьцуулж хувиар илэрхийлнэ (Г/Зx100).

4.4. Тоогоор илэрхийлж үнэлэх боломжгүй зорилтын шалгуур үзүүлэлтийн биелэлтийн хувийг тодорхойлохдоо Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 6.2, 6.3-д заасан дараах зарчмыг баримтлан тооцно.

4.4.1. "үр дүнтэй" - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь /90-100 хүртэл хувь/;

4.4.2. "тодорхой үр дүнд хүрсэн" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь /50-89 хүртэл хувь/;

4.4.3. "эрчимжүүлэх шаардлагатай" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 30 хувь /10-49 хүртэл хувь/;

4.4.4. "үр дүнгүй" - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь /0-9 хүртэл хувь/ гэж үнэлнэ.

4.5. Яамны нэгжийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээний дүнг 2, 3, 4 дүгээр хавсралтын дагуу гаргах бөгөөд үзүүлэлт бүрийн хэрэгжилтийн түвшин (хувь)-ий нийлбэрийг нийт үзүүлэлтийн тоонд хувааж дундаж хувиар илэрхийлнэ.

4.6. Яам, түүний харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг 5 дугаар хавсралтын дагуу гаргах бөгөөд үзүүлэлт бүрийн хэрэгжилтийн түвшин (хувь)-ий нийлбэрийг нийт үзүүлэлтийн тоонд хувааж дундаж хувиар илэрхийлнэ.

4.7. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээг биелэлтийн дундаж хувиар тооцно.

4.8. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны "Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт"-ийн дагуу үнэлнэ.

4.9. Байгаль орчны салбарын үйл ажиллагааны үнэлгээг хэрэглэгчийн үнэлгээгээр тодорхойлно. Хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн байгууллага эсхүл төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-д заасны дагуу гүйцэтгэнэ.

4.10. Яамны нэгж, түүний харьяа байгууллага нь дотооддоо өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан нарийвчлан тодорхойлох зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал, заавар боловсруулан мөрдүүлж болно.


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж нь Яамны нэгж, түүний харьяа байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийнэ.

5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж нь яамны нэгжийн үнэлгээг Төсвийн шууд захирагч буюу Төрийн нарийн бичгийн даргад, харьяа байгууллагын үнэлгээг Төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайдад танилцуулж, эцсийн дүнг гарган хуанлийн 30 хоногийн дотор эргэж мэдэгдэнэ.

5.3. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд дүнг мэдсэнээс хойш 5 хоногийн дотор үндэслэл бүхий тайлбарыг бичгээр гаргаж болох бөгөөд хэрэв үндэслэлтэй бол дүнг дахин хэлэлцэж болно.

5.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд үндэслэн үйл ажиллагаа сайжруулах зөвлөмж боловсруулан яам, түүний харьяа байгууллага, нэгжид хүргүүлнэ.

5.5. Яам, түүний харьяа байгууллага нь хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр өгсөн зөвлөмжийн дагуу дотооддоо гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө боловсруулж, арга хэмжээг авч хэрэгжүүлэн биелэлтийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжид хагас, бүтэн жилийн тайлангийн хамт ирүүлнэ. Зөвлөмжийг дунд, богино хугацааны төлөвлөгөөг боловсруулахад ашиглаж болно.

5.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж нь зөвлөмжийн хэрэгжилтэд үр дүнд суурилсан явцын үнэлгээ хийж, дүнг Сайд, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулна.

5.7. Ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан яамны нэгж, түүний харьяа байгууллагаас тус бүр 1-ийг шалгаруулан урамшуулж, ажлын туршлага, бүтээлч санаачилгыг хөхиүлэн дэмжиж, байгууллагын цахим сайтад байршуулан сурталчилна.

5.8. Ерөнхий үнэлгээгээр хамгийн бага оноо авсан харьяа 3 байгууллагын үйл ажиллагаанд газар дээр нь хяналт шалгалт хийж, ажил сайжруулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

5.9. Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон дээд байгууллагын удирдлагын шийдвэр, иргэдийн өргөдөл гомдлоор ирүүлсэн мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн нэпк, харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж болно.

5.10. Харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн бус байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх болон урамшуулалд зарцуулах хөрөнгийг яамны төсөвт жил бүр тусгана.

5.11. Жилд яамны харьяа 4-өөс доошгүй байгууллагын үйл ажиллагааны үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.


ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

6.1. Тайлант жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлж, хангалтгүй үнэлэгдсэн, 60-аас доош буюу хамгийн бага үнэлгээтэй дүгнэгдсэн яамны нэгжийн менежер, түүний харьяа байгууллагын төсвийн шууд захирагч нарт ажлын гүйцэтгэл сайжруулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгөх, сахилгын шийтгэл ногдуулах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

6.2. Журамд заасан хугацаанд тайланг ирүүлээгүй, шаардлага хангахгүй тайлан ирүүлсэн, өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй, хэрэгжилт хангалтгүй буюу 60-аас доош үнэлэгдсэн, худал зөрүүтэй мэдээллээр тайлагнасан, үнэлсэн, дүгнэсэн, яамны нэгжийн менежер, харьяа байгууллагын төсвийн шууд захирагч, мэргэжилтэн, гэрээт ажилтнуудад ажлын гүйцэтгэл сайжруулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгөх, сахилгын шийтгэл ногдуулах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

6.3. Төрийн жинхэнэ албан хаагч гэрээнд заасан хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, тайлагнаагүй, яамны нэгжийн менежер, харьяа байгууллагын төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэхээс татгалзсан нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл, хуулийн хариуцлага ногдуулна.


---o0o---